Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн тушаалаар тус салбарт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн лабораторийг нэгтгэхээр болжээ. Тодруулбал, салбарын яамны харьяа Байгаль орчны судалгаа шинжилгээний төв лаборатори, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын болон Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн дэргэдэх Усны лаборатори, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын Усны шинжилгээний лабораторийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг лабораториудыг цаашид цаг уурын төв байгууллага хариуцаж, судалгаа, шинжилгээний чанарыг нь сайжруулан, нэгдсэн удирдлагаар хангах боломж бүрджээ. Түүнчлэн аймгууд дахь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн лабораторийг тухайн нутаг орны хөгжлийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ташрамд дурдахад, манай улс Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг 1976 онд байгуулсан бөгөөд өдгөө энэ нь цаг уурын 130 гаруй станц, 180 харуул, гадаргын ус судлалын 120 орчим цэг дэх хэмжих хэрэгслийг хянаж, мэдээллийг нь нэгтгэн боловсруулж, чанарын үзлэг хийдэг гэнэ.
Ж.Сувд