ХБНГУ-ын Бавари мужийн Ингольштатт хотод ирэх сарын 14, 15-нд болох Европын морин хуурын II наадмын сонирхогчийн олон улсын уралдаанд Америк, Япон, Чех, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсаас 50 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Европ дахь морин нуурын наадам” төрийн бус байгууллага, “Морин хуурын өв” сангаас зохион байгуулдаг уламжлалт наадмын энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын соёлын элч С.Бадамхорол, аялал жуулчлалын элч С.Бадамханд нар ажиллахаар болсон байна. Наадмын үеэр морин хуур хөгжмийн соёлыг сурталчлах зорилготой үзэсгэлэн, худалдаа, урлагийн нэгдсэн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Наадмын эхний өдөр болох “Монгол аялгуу” гала тоглолтод Морин хуурын чуулгын удирдаач, Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн Н.Жигжигддорж, АНУын Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, Консерваторын багш А.Даваазориг, нэрт судлаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Энхцэцэг тэргүүтэй шилдэг уран бүтээлчид оролцох нь.
Ж.Сувд