“Тухайн хүн ямар нэгэн асуудалд орох юм бол шууд огцордог жишгийг уг жагсаалаар тогтоосон. Би бол огцрохоос айх хүн биш”. Одоогоос зургаан жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ ийн хүү хэлж байв. 2018 оны сүүлчээр тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, Сүхбаатарын талбайд “шударга тав”-ын нэгийнх нь дүрээр гарч ирж байсан билээ. М.Энхболдгүй л бол Монгол Улс сайхан болно гэсэн ухуулга хийж, шударга ёс, сайн сайхны төлөө тэмцэнэ гэсэн. Эцэст нь М.Энхболд явж, Л.Оюун-Эрдэнэ ирсэн. Гэвч тэрбээр нөхцөл байдлыг тухайн үеийнхээс ч дордууллаа. Ардчилал, авлигын индексээр манай улс байнга ухарсаар сонгуулийн автократ дэглэмтэй орны тоонд оров.
Амлаад байсан бүхэн нь салхинд хийсэж, татвар, хураамж гэх мэт төрийн элдэв дарамтыг нэмж, иргэдээ туйлдууллаа. Бидний хөлс, хүчийг шавхаж цуглуулсан татварын мөнгө түүний эргэн тойрныхныг хөлжүүлж, 23 настай хүүг нь найз бүсгүйдээ тэрбум гаруй төгрөгөөр гэрлэх санал тавихад зарцуулагдсан байж болзошгүй. Улсаа биш, өөрийгөө, гэр бүлээ тэжээхэд санаа тавьж, “шилэн хорго”-ндоо нуугдах болсон энэ хүнийг огцруулахаар залуус Сүхбаатарын талбайд олон хоног жагсаж байна. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан үгэндээ хүрэхгүй, албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж буй нь харамсалтай.
ЦЭЭЖЭЭРЭЭ ХАМГААЛСАН Ч ЗОЛИОСОНД ЯВНА
Өнгөрсөн даваа гарагт Төрийн ордон хөл хөдөлгөөнтэй байлаа. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзсан. Олон нийтийн зүгээс Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардсан ч тэр үүнд олигтой хариулт хэлээгүй, өгсөн тайлбарт нь хэн ч итгээгүй. Таван жилийн турш Засгийн газрын тэргүүн байхдаа улс орныг улам туйлдуулсан учраас одоо огцрох цаг нь болсон гэж иргэд үзэж буй юм. Нэг ёсондоо Ерөнхий сайдын албан тушаалд энэ хүн гологдож байгааг төгрөгийн ханш суларч, инфляц өссөн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэд өрнөөс өрний хооронд арайхийн амь зууж буй нөхцөл байдал батална. Тиймээс Ерөнхийлөгч олон нийтийн шаардлага, уур амьсгалыг мэдэрч, түүнийг өөрөө ажлаа өг гэжээ. Харин Ерөнхий сайд Засгийн газрыг хамтарч байгуулсан АН, ХҮН намаар туг тахиад, өөрөө тунаж үлдэх арга чарга хайсан юм. М.Энхболдыг огцруулахаар шударга гишүүний дүр эсгэж явахдаа тэрбээр “Амь биш, заяа биш. УИХ-ын даргын сандал, алх хоёроос амь тэмцэн, ингэж үхэн хатан зууралдахын цаана ямар том эрх ашиг бийг огт ойлгохгүй байна” хэмээж байв. Үйлийн үр гэж энэ. М.Энхболд удаан шаардуулалгүйгээр албан тушаалаа өгөөд явсан. Гэтэл одоо Л.ОюунЭрдэнэ үнэнд гүйцэгдсэн атлаа л Ерөнхий сайдын суудлаас амь мэт үхэн хатан зууралдаж, байж болох бүх л хорыг найруулж сууна. Тиймээс УИХ дахь бүлгийнхээ хурлын үеэр МАНын даргын хувиар Бага хурлаа хуралдуулж, Засгийн газрын хувь заяаг шийдүүлэх санал гаргасан аж. Энэ ёсоор өчигдөр 15.00 цагаас МАН-ын Бага хурал эхлэв. Шөнөжин хуралдах нь анхнаасаа тодорхой байлаа.
Ерөнхий сайдын хүүгийн тансаглалыг өмөөрч, цээжээрэээ хамгаалж байсан АН, ХҮН намын дарга нар арай өөр зүйлс ярьж эхлэв. Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсны дараа Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ “тусад” нь уулзсан гэж буй. Үүгээр Юутай ч үнэнч занг нь үл харгалзаж байгаад нөгөө хоёр нь гомдоод эхэлсэн бололтой. Гэхдээ “Улс орны эрх ашгийн төлөө хамтарсан Засгийн газраас ухарч болохгүй, үүнийг бодолцооч” гэж МАНын Бага хурлын гишүүдээс хүсэхээ мартсангүй. Найдвар тасраагүй, тэдний шийдлийг харзнасаар байгаа аж.
АН-ын дарга Л.Гантөмөр “Хамтарсан Засгийн газар огцорвол засаглалын хямрал нүүрлэнэ. Төрийг засах эв эеийн ухаан алдагдсан байдал давтагдах нь тодорхой. МАН шийдвэрээ гаргаагүй байхад би олон юм яримааргүй байна. Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллахыг хичээгээрэй гэж хэлье. Шийдвэрээ гаргасных нь дараа үгээ хэлнэ” гэжээ. Ерөнхий сайд нөгөө хоёр намаараа туг тахихаар шийдсэн тухай мэдээлэл тармагц өрсөөд Засгийн газраас гарч, нэр хүндээ аврахыг АН-ын зарим гишүүн удирдлагаасаа шаардаж эхэлсэн. Мөн Л.Гантөмөрийг огцруулах шаардлага ч тавьж буй. Тус нам Улс төрийн зөвлөлөө мягмар гарагт хуралдуулахаар зарласан ч байдлыг харзнан хойшлуулж, өчигдөр үдээс хойш цуглав.
ХҮН намын дарга Т.Доржханд “Улс оронд 30 гаруй жил бугшсан асуудлыг хамтраад шийдье гэж хадаг барьж урьсан атлаа МАН-ынхан одоо сайд болох хүсэлтэй хэдэн хүний жижигхэн эрх ашигт хөтлөгдөн шийдвэр гаргавал харамсалтай. Тэгвэл улс төрийн тулхтай хүчин биш, Монгол Улсын эрх ашгийг бодсонгүй гэж үзнэ. Ингэснээр цаашид УИХ-ыг эмх замбараагүй байдалд оруулна, чадваргүй гэж харуулна. Улмаар Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих зураг зурчхаад үүний дагуу явж байна. ХҮН нам бол эрх баригч хүчин, бидний хувьд улсын эрх ашиг нэгдүгээрт, парламентын ардчиллыг Явах уу, үлдэх үү бэхжүүлэхийн төлөө байна. Хэрэв дүрмийн бус, зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодсон шийдвэр гаргах юм бол жинхэнэ сөрөг хүчин гэдгийг харуулна” гэлээ. Тус намын Төлөөлөх зөвлөл өчигдөр 17.30 цагаас уг асуудлыг хэлэлцэхээр цугласан юм. Мөн энэ үеэр Ерөнхий сайдыг огцруулах санаачилгад нэгдэж, гарын үсэг зурсан Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцох талаар ярихаа мэдэгдэв. “Хөөгдөх” гэж байж өөрийн үзэл бодолтой байсан гэж УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох аж. Юутай ч эрх ашгийн золиосонд явах “жийргэвч” байснаа АН, ХҮН намын дарга нар сая л ойлгож эхэлжээ.
НЭГ ХҮНИЙ БУРУУГ НИЙТЭД НЯЛЗААХ “УРЛАГ”
Суудлаасаа зууралдахын цаана ямар том эрх ашиг байдгийг Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө ойлгож, бас нотолж байна. Тиймээс тэсэж үлдэхийн тулд хэдэн ч сувгаар зэрэг “ажиллагаа” өрнүүллээ. Ерөнхий сайдын ажлыг сайн хийж чадаагүй, орлогоо нотолж бараагүйнх нь бурууг яагаад ч юм MCS компани, Ц.Элбэгдорж, мөн УИХ хүлээх учиртай гэнэ. Өөрийнх нь өнгөрсөн таван жилд хийж амжаагүй ажлын хариуцлагыг ярьж, шүүмжлэхэд л Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг эсэргүүцлээ, бизнесийн бүлэглэлийнхний явуулга гэдэг. Тэр ёсоор УИХ-ын зарим
гишүүнийг энэ сэдвээр яриулж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж буй залуусыг дээрх компанийн төлбөртэй жагсагчид болгох гэж оролдов. МАН-ын “улаан хамгаалагчид” дээр ИЗНН-ын М.Нарантуяа-Нара нэмэгджээ.
“Огцрох амархан” жагсаалыг өргөжүүлэхгүйн тулд Сүхбаатарын талбайд төрийн байгууллагуудын гэнэтийн өдөрлөг байнга зохион байгуулж буй. Мөн мягмар гаргаас эхлэн “Ухаахудагаа буцааж авъя” гэсэн лоозон барьсан эсрэг жагсагчдыг зогсоов. “МАН-ын үүрийн дарга нарыг тус бүр 20 хүн олж ирж, жагсаалд оролцуулах үүрэг өгсөн” гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Иймэрхүү байдлаар хүчээр, эсвэл хоол, талхны мөнгөндөө болоод ирсэн хэдэн хүн өнөөх лоозонг нь барьж зогсжээ. Жагсаалын зорилго, шаардлагаас эхлээд Ухаахудагийн ордыг хэн эзэмшдэг, хэзээ, хэнд зарсныг эргүүлж авах гээд буйг сэтгүүлч асуухад мэдэх хүн байсангүй. Жинхэнэ хөлсний жагсагчид гэдгээ тэд батлав бололтой. Тэднийгээ ядаж мэдээллээр хангаж, наад захын ойлголттой болгоход анхаарсангүй, хэтэрхий яарчээ. Ер нь л түүний пиарын багийнхан үргэлж яаруу, дандаа дутуу ажил хийж, “эзэн”-ээ улам балладаг гэмтэй. Улмаар эхний өдрийнх нь хүмүүс бүтэлгүйтсэн тул өчигдөр олон ахмадыг талбайд авч¬ рав. Эмээ, өвөө нар органик жагсаал хийж буй залуус руу үсчиж, нулимж, заримд нь бүр гар хүрч, үймээн үүсгэх даалгавар авсан бололтой байсан. Ахмадууд ийнхүү авирлаж байгаа нь үнэхээр харамсалтай харагдав. Хоолны мөнгөний төлөө ирээдүй рүүгээ салаавч гаргахын оронд өөрсдийг нь ингэж амьдруулж буй эрх баригчидтай хариуцлага ярих ёстой юм. Гэвч залуус хүлээцтэй, тэвчээртэй хандаж, “Огцрох амархан” зорилгоосоо няцсангүй.
Мөн “Би унавал бүгд унана” гэжээ. “УИХ тар” гэсэн шаардлагыг гуравдагч хүчний зарим намынхнаас эхлээд тавьж байна. Энэ талаар гишүүн Б.Энхбаяр “Өөрөө улс төрийн шийдвэр гаргах боломжтой зүйлд парламент, намынгишүүдийг татан оруулж болохгүй. Парламентын асуудал биш. Бид цуг хариуцлага хүлээх учиргүй. Би үхвэл бүгд үхнэ гэсэн зарчим баримталж байвал зөвшөөрөхгүй” гэсэн юм.
Түүнчлэн дараагийн Ерөнхий сайдад горилогчдын нэр дуулдаж эхлэхтэй зэрэгцэн “МАН-д Л.Оюун-Эрдэнээс өөр мега төслүүдийг хөдөлгөж чадах хүн байхгүй. Ийм муу хүнээр сольсны оронд түүнийг хэвээр байлгая” гэсэн ухуулга өрнүүллээ. Тэр нь УИХ-ын гишүүн С.Амарсайхан. Олон нийтэд “С.Амарсайханаас Л.Оюун-Эрдэнэ нь дээр” гэсэн ойлголт өгч, харьцуулах гээд байгаа юм даг уу даа. Одоогоор энэ гишүүнээс гадна Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, спикер Д.Амарбаясгалан нарын нэр дараагийн Ерөнхий сайдад горилогчдын жагсаалтад бичигдэж байна. Хамтарсан Засгийн газар орших уу, МАН дангаараа цааш явах уу гэдгийг Бага хурлын гишүүд нь өнөө шөнө ярилцана. Өөрөөр хэлбэл, Л.ОюунЭрдэнийг огцруулж, хариуцлага тооцох, солих, эсэх талаар шийдэл гаргана гэсэн үг. Албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дараагийн хүнээр тодруулсан тухай мэдээлэл цацагдаад авлаа. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга ч Бага хурлын 369 гишүүний дотор түүний хүн харьцангуй цөөн гэдэг. Эсрэгээрээ УИХ-ын даргын талынхан олонхыг бүрдүүлдэг гэнэ лээ. Бага хурлын гишүүдээс цөөнгүй нь “МАН дангаараа Засгийн газраа байгуулах ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг Үндсэн хуулийн дагуу парламент шийддэг. Гэхдээ эрх баригч нам улс төрийн шийдвэрээ эхлээд гаргана. Хэрэв МАН-ынхан олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэж буй Ерөнхий сайдыг хэвээр үлдээвэл энэ намын ирээдүй бүрхэг болно. Буруу бүхнээ хаацайлдаг намд залуус лав итгэл хүлээлгэхгүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг огцруулах нь тэдний хувьд нэр хүндээ аварч үлдэх том боломж. Ерөнхий сайдын хувьд ч нэгэнт үнэнд гүйцэгдсэнээ хүлээн зөвшөөрч, өөрөө өргөдлөө өгөх хувилбар бий. Тэгвэл үлдсэн насандаа улс төр хийх орон зай түүнд үлдэнэ. Хамтарсан Засгийн газрыг огцруулах нь АН, ХҮН намынхны хэлээд буй шиг улс орон сүйрэх алхам биш. Үнэндээ ямар ч сөрөг хүчингүй, шүүмжилж дуугарах ч эрхгүй, “бэлгэдэл”-ийн төдий болчихсон байсан парламент амь орох боломж юм. АН, ХҮН намынхан сөрөг хүчнээ хийж, Засгийн газарт хяналтаа тавиад эхэлбэл засаглалын хямрал нүүрлэх биш, сэргэх, бүх зүйл байр байрандаа орох боломж бүрдэнэ. Дугаар шилжих мөчид гурван намын хурал үргэлжилж байлаа.