Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, лабораторийн орчинд зориудаар өсгөн үржүүлэх төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эх Алтаад, Чулуут, Суман голд жил бүр зэвэг, хадрангийн жарамгай нутагшуулдаг билээ. Тэд 2018 оноос энэхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд жилд дунджаар 400- 500 мянган жарамгайг байгальд тавьж, голын экосистемийг тэтгэдэг. Өнөө жил Чулуут голд хагас сая орчим жарамгай нутагшуулахаар долоо дахь удаагаа загас үржүүлж байгааг тус байгууллагынхан мэдээлэв. Загасны үржлийн үе дуусахаар буюу зургаадугаар сарын 20- ноос хойш жарамгайнуудыг байгальд тавьж эхлэх нь. “Чулуут тул”-ынхан Идэр голын сав газрын захиргааны хүсэлт, “Тосонцэнгэл” УЦС-ын санхүүжилтээр өнгөрсөн онд Идэр голд 50 мянга гаруй зэвэг, хадран нутагшуулсан. Тухайн бүсэд станц байгуулснаас хойш загасны шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой нь эрс цөөрсөнтэй холбоотойгоор энэ ажлыг гүйцэтгэжээ. Тэгвэл өнөө жил тус захиргаанаас санал тавибал дахин хамтарч ажиллахад бэлэн гэдгээ тэд хэлэв.
Ж.Сувд