Монголын түүх, соёлын өв, урлагийн бүтээлүүдийн зургийг авч, олон арван бүтээл туурвисан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олголоо. Өдгөө 80 настай тэрбээр 1983 онд манай улсад ирснээсээ хойш нийслэл Улаанбаатар хэрхэн өөрчлөгдөж буйг үе үеийн гэрэл зургийн хальснаа буулгажээ. Мөн Сүгияама Тэрүзо 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийнхэнтэй хамтран “Монголын соёлын өв” хэмээх гэрэл зургийн дөрвөн цуврал цомог хэвлүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед Монголын гэрэл зургийн анхны томоохон бүтээл хэмээн өндрөөр үнэлэгдэж байв. Ташрамд дурдахад, Соёлын өвийн үндэсний төвд Сүгияамо Тэзүрогийн нэрэмжит танхимыг нээж, түүний манай улсын тухай өгүүлэх гэрэл зургууд болон тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байна.
У.Сүрэн