Трамптай хоёр цаг шахам утсаар ярьчхаад Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Орос, Украины хоорондын шууд хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлээд Украины асуудлаар ирээдүйн энхийн гэрээ байгуулах тухай санамж бичигт Украинтай хамтран ажиллахад Орос бэлэн гэж мэдэгдлээ. Түүнчлэн байдлыг зохицуулах зарчим, энхийн хэлэлцээр байгуулах үед болон тодорхой хугацаанд гал зогсоох зэрэг нэлээд асуудлаар байр сууриа Орос тодорхойлох талаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцлоо гэж хэлсэн байна.
Энх амгалан байдал тогтоохын төлөө Орос, Украины талууд дээд зэргээр хүчин чармайлт гаргаж, аль аль талынх нь санаанд нийцсэн зөвшилцөлд хүрэх нь чухал гээд Путин “Энэ хямралын анхдагч шалтгааныг арилгах нь Оросын хувьд гол юм” гэв.
Путинтэй хийсэн яриагаа Дональд Трамп “Их сайн өнгө аястай” болсон гэж үнэлжээ. Түүний хэлснээр Москва, Киев хоёр гал зогсоох, энх амгалан тогтоох талаар яриа хөөрөөгөө “тун удахгүй эхлэх” аж. Ийн найдаж буйгаа Дональд Трамп Украины Ерөнхийлөгч болон Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд хатагтай Жоржа Мелони, Германы Канцлер Фридрих Мерц, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб нарт дуулгажээ.
Путин, Трамп хоёрын ярианы үр дүнг нь сонсоод Европын орнуудын удирдагчид Оросын эсрэг хоригоо чангаруулахар шийдсэийг Фридрик Мерц мэдэгдсэн. Тэрбээр “Бид гал зогсоох тухайд Украиныг дэмжинэ. Хориг тавих замаар Москвад үзүүлэх дарамт шахалтаа Европ нэмэгдүүлнэ. Энэ талаар бид санал нэгтэй хэлэлцэж тохирсон” гэж нийгмийн сүлжээнд бичжээ. Тэгэхдээ Америкийн тал хоригоо чангаруулах талаар Трамптай Европын удирдагчид тохиролцсон, эсэх нь Мерцийн үгнээс тодорхой болсонгүй. Харин Трампын үгээр бол шинээр хориг тавих бодолгүй юм уу гэж ойлгогдож буй. “Reuters” агентлагийн мэдээлснээр энэ талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад Трамп хариулахдаа “Бидэнд ямар нэг юм хийх боломж бий ч хориг тавибал бүх юм бүр муудаж болзошгүй” гэсэн утгатай үг хэлжээ. Тэгээд өнгөрсөн сарын 18-нд хэлсэн “Хэрэв яриа хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол дайныг зогсоох оролдлого хийхээ бид болино” гэсэн үгээ давтсан байна.
Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос дайныг цаашид сунжруулж, хямралыг энхийн аргаар зохицуулах замд бодит бус, болзол тавьж саад хийгээд байвал түүнд хоригоор үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ. “Орос хэрэв аллага хядлагаа зогсоох алхам хийхгүй, олзлогдогсод хийгээд барьцааны хүмүүсийг суллахгүй, биелүүлэх боломжгүй болзол тулгаад байвал энэ нь Орос дайныг үргэлжлүүлэх бодолтойг нь илтгэх тул Европ, Америк хийгээд дэлхий дахин тохирсон хариуг барьж, нэмэлт хориг тавих хэрэгтэй. Орос эхлүүлсэн дайнаа зогсоох ёстой, Украин үүнд хэзээд бэлэн” гэж бичжээ.
Түүний хэлснээс үзвэл Путинтэй ярихаас нь өмнө болон дараа нь Трамптай хоёр ч удаа ярилцсан байна. “Украин улс ямар нэг болзолгүйгээр гал бүрэн зогсооход бэлэн болохыг би Ерөнхийлөгч Трампад батлан хэлсэн. Орос хэрэв үүнд бэлэн биш байгаа бол түүнд үзүүлэх шахалт л ухаан оруулна гэдэг нь дэлхий дахинд илт” гэж Зеленский нэмж хэлсэн аж.
ВВС-гийн сурвалжлагч Сергей Горяшкогийн үзэж буйгаар гурав дахь удаа утсаар ярьсан тухайгаа Трамп, Путин хоёр аль аль нь их товч мэдээлсэн. Энэ яриандаа хоёул сэтгэл хангалуун байгаа төдийгүй биенээ магтахдаа үг хайрласангүй.
Украинтай энхийн тохиролцоонд хүрэхэд бэлэн гэдгээ Оросын Ерөнхийлөгч илтгэсэн бол Путиний төлөвлөж буйг Америкийн Ерөнхийлөгч нотлоод, дайн дуусахаар худалдааны салбарт Орост “ихээхэн боломж” олгоно гэж амлав. Ийм амлалтыг Украинд ч бас өгчээ.
Америкийн Ерөнхийлөгчийн үзэж буйгаар гал зогсоох тухай хэлэлцээрийг Москва, Киев хоёр хөндлөнгийн оролцоогүйгээр, өөрөөр хэлбэл зуучлалгүйгээр өөрсдөө хийх ёстой аж. Энэ Олзлогдогсдоо солилцохоос илүү олигтой үр дүн одоогоор харагдахгүй байна нь чухам юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Талууд ийм оролдлого түрүү долоо хоногт Истанбулд хийгээд үр дүнг нь анзаарахад энх амгалан байдал тогтоох нь ойр биш гэдэг нь ойлгомжтой болох шиг болсон доо. Украинтай эвлэрэл бий болгох тухайд Путиний байр суурь гуравдугаар сарынхаасаа бараг өөрчлөгдөөдгүй байна. Истанбулд болсон Орос, Украины төлөөлөгчдийн ярьсан хэлснийг мэдэх эх сурвалж дээр түшиглэн хэвлэлд мэдээлж буйгаар бол Москва Украины таван бүс нутгийг бүрэн өөрийн болгох (үүний дөрвийг Орос хяналтдаа бүрэн аваагүй байгаа) болзол тавьж буй.
Үүнийг Киев яагаад ч хүлээж авахгүй гэдэг. Иймээс эвлэрэх төлөв ойргүй бас мөдгүй. Путиний туслах Ушаков гал зогсоох талаар дарга нь Трамптай яриагүй гэж мэдэгдсэн. Трампын эвийг эрхэмлэсэн тайлбараар бол Путин “цуст үйлдлийг” зогсоох сонирхолтой ч даруй эвлэрэх явдлыг тодорхой бус хугацаагаар хойш тавьжээ. Дайны фронтод одоогийн байдлаар хоёр талаас хоногт 5000 хүний амь сүйдэж буй юм байна.
Путинтэй биечлэн уулзахгүйгээр Украинд энх амгалан байдал тогтоох үйл явцад олигтой ахиц гарахгүй гэж Трамп урьд нь мэдэгдэж байсан юм. Энх амгалан байдал тогтоох чиглэлд дорвитой дэвшил гарахгүй бол Орос шинэ хоригтой нүүр тулгарна гэж Цагаан ордноос хэлж байв. Гэтэл Украины газар нутгийн нэлээд хэсгийг хянаж буй Путиний цэргүүд давшилтаа үргэлжлүүлсээр байна. Трамп, Путин хоёрыг гурав дахь удаагаа утсаар ярилцахын өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Украин болон Европ дэмжиж буй 30 хоног гал зогсоох Трампын саналыг зөвшөөрч, энхийг хүсэж буйгаа Путин маргааш нотлох ёстой” гэж мэдэгдэж байв. Одоо болохоор Путин энхийг хүсэхгүй байна гэж Европын удирдагчид үзэж, Украиныг газар нутгийнхаа тав дахь хэс¬гийг алдаж, цаашдаа аюулгүй байдлын баталгаагүй үлдэх вий хэмээн болгоомжилж буй. Трамп, Путин хоёр утсаар ярихын өмнө энэ сарын 16-нд 2022 оны хавраас хойш Орос, Украины төлөөлөгчдийн анхны шууд яриа хөөрөө Туркэд болсныг бид мэднэ. Энд Путин, Зеленский нар ирэх байсан ч Путин өөрийнхөө оронд туслахаараа толгойлуулсан доод түвшний төлөөлөгчдөө ирүүлсэн. “1000:1000” олзлогдогч солилцлохоор тохирсон нь уг уулзалтын гол үр дүн болоод өнгөрсөн.
Р.Жаргалант