2020 онд бие даан нэрээ дэвшүүлж Бухарест хотын захирагчаар ажилласан Никушор Дан Румыний Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.6 хувийн санал авч ялалт байгуулав. Энэ амжилтад нь хамгийн түрүүнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баяр хүргэж “Румын улс анд нөхөр, хөршийн хувьд Украины найдвартай түнш юм. Бид цаашид ч хамтран ажиллаж улс орноо, Европ дахинаа хүчирхэг болгож чадна” хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Никушор Дан нь Украинд тусламж үзүүлэх, Румынийг Европын Холбоонд байхыг дэмждэг юм. 55 настай тэрбээр нийслэл хотдоо өргөн олны дэмжлэг хүлээдэг улс төрч. Сонгуулийн хоёр дахь шатанд сонгогчдын 70 гаруй хувь нь оролцжээ. Бухарест хотын сонгогч Елена “Сонгуульд хэн ялах нь чухал биш. Жирийн иргэдийн хувьд юу ч өөрчлөгдөхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өснө, замаа засаж янзлахгүй, цалин, тэтгэврээс бусад бүх юм нэмэгдэнэ” гэж ВВС-гийн сурвалжлагчид хэлжээ. Санал хураах өдөр ийм үг олонтоо сонсогдож байж.
Энэ сонгуулийн дүнг Киев, Кишинёв, Брюссель, Москва зэрэг олон нийслэлд хүлээж байжээ. Румын нь газар зүйн хувьд Украиныг дэмжихэд стратегийн чухал байрлалд оршдог юм байна. Дайн эхэлснээс хойш тус улс Украины үр тариаг экспортлоход гол зам болж, Констанц гэдэг усан буудлаар олон сая тонн хүнсний бүтээгдэхүүн дамжжээ. Румыний тэнгисийн цэргийн флот Хар тэнгисийн сав газрыг минээс цэвэрлэх ажиллагаанд оролцож, хөлөг онгоц аюулгүй зорчих нөхцөлийг хангадаг аж. Тус улсад байрладаг НАТО-гийн нисэх хүчний гурван том бааз, пуужингаас эсэргүүцэн хамгаалах Америкийн систем Украин, Молдовын хилийн дагуу болон Хар тэнгисийн бүс нутгийн агаарын орон зайг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн F-16 онгоцны нисгэгчдийг бэлтгэх төв Румыний нутаг дэвсгэр дээр байдаг, Украины цэргүүд энд сургалтад хамрагддаг гэнэ.
Никушор Дан математикч мэргэжилтэй, олон улсын олимпиадаас хоёр удаа алтан медаль хүртсэн, Сорбонд философийн доктор цол хамгаалжээ. 2006 оноос Бухарест хотын хэмжээнд авлигатай хийсэн тэмцлээрээ олон түмэнд танигджээ. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа авлигын эсрэг, Европын чиг хандлагыг тууштай баримталж, шүүх, засаг захиргааны салбарт өөрчлөлт хийхээр амлаж байв. Саяны сонгууль давтан хийгдсэн аж.
2024 оны арваннэгдүгээр сарын 24-нд болсон анхан шатны санал хураалтаар үндсэрхэг үзэлт Европын талыг баримтлагч, Украиныг дэмжигч ялалт байгуулав Кэлин Жоржеску олонхын санал авсныг Үндсэн хуулийн шүүх нь цуцалжээ. Энэ нь Жоржескугийн сонгуулийн кампанийг хууль бусаар санхүүжүүлсэн, хакерийн довтолгоон хийсэн, бас нотлогдоогүй ч Оросын талаас сонгуулийн явцад нөлөөлсөн гэж үзсэн зэрэгтэй холбоотой байв. Сонгуулийн хоёр дахь шатанд Жоржеску нарын хэд хэдэн нэр дэвшигчийг өрсөлдүү¬ лээгүйг Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков гайхаж буйгаа илэрхийлжээ. Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “Румыний сонгууль тэдний дотоод хэрэг, Орос улс түүнд ямар ч хамаагүй” хэмээн мэдэгдсэн байна. Энэ сонгуульд Никушор Даны гол өрсөлдөгч нь 38 настай Жорже Симион байв. Тэрбээр Дан ялсныг эхлээд хүлээн зөвшөөрөхгүй, энэ тоонд итгэхгүй байна гэж хэлээд өөрийгөө Румыний шинэ Ерөнхийлөгч хэмээн мэдэгджээ. Харин сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа Даны ялалтыг хүлээн зөвшөөрч “Румыний ард түмэн ийм сонголт хийжээ” гэж хэлсэн байна. Жорже Симион үндсэрхэг үзлээ нууж хаадаггүй, Дональд Трампад талархалтай ханддагаа ч ил тод илэрхийлдэг, түүний адилаар “Румынийг дахин агуу болгоно” гэх уриа дэвшүүлж сонгуульд оролцжээ. Сурталчилгааныхаа үед Симион шашинд ихээхэн анхаарал хандуулсан байна.
Сүм дуганаар орж гарч яваагаа хүмүүст цахим орчноор байн байн харуулж, өөрийгөө христосийн шашин шүтдэг эх оронч хэмээн ярьж байсан аж. Таван жилийн өмнө болсон парламентын сүүлчийн сонгуульд Жорже Симионы тэргүүлдэг “Румынийг нэгтгэхийн төлөө холбоо” (АUR) нам есөн хувийн санал авч байв. Тэгвэл энэ удаагийн сонгууль болохоос хэдхэн өдрийн өмнө явуулсан санал асуулгаар Румыний хүн амын 47.8 хувь нь Симионыг дэмжжээ. Энэ нь улс төрийн нэг хүчний бодит үр дүнгүй, худал сүржин амлалтаас олонх сонгогч уйдаж залхсантай холбоотой гэж шинжээчид дүгнэсэн байна. Румын улс Европын Холбоонд нэгдээд бараг 20 жил болж буй ч эдийн засаг нь тогтвортой биш байгаа аж. 2024 онд улсын төсвийн хомсдол нь дотоодын нийт бүтээгдэхүүний 8.65 хувьд хүрсэн нь Европын Холбооны гишүүн орнууд дотроо хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Татвар бага хураасан, сүүдрийн эдийн засаг, нийгмийн хөтөлбөрт үлэмж хөрөнгө зарцуулсан нь үүний гол шалтгаан болжээ. Симион өөрийгөө дайны асуудлаар төвийг сахигч болгож харуулахыг хичээдэг, Киевт зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцдэг нэгэн. Гадаад бодлого нь Дональд Трампын засаг захиргааны адил чиг шугамыг баримтална хэмээн мэдэгдэж байв. Түүнээс гадна агаараас эсэргүүцэн хамгаалах Америкийн “Patriot” систем нийлүүлснээ оруулаад Румыний үзүүлсэн тусламжид төлбөр өгөхийг Украинаас Симион шаардсан байна.
Түүний хэлснээр төлбөрийг үр тариа юм уу, дайны явцад эвдэж сүйрсэн дэд бүтцийг нь сэргээхэд туслах хэлбэрээр ч хийж болох аж. Энэхүү Жорже Симион сонгуулийн эхний шатны үр дүнг Үндсэн хуулийн шүүх хүчингүй болгосны дараа Кэлин Жоржескугийн оронд өрсөлдөх болсон байна. Кэлин Жоржескуг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд нэр дэвшигчийн хувиар бүртгэж авсангүй. Энэ явдлыг Кэлин Жоржеску “дэлхий дахины ардчиллын зүрхэнд өгсөн цохилт” гэж нэрлэжээ. Жоржеску, Симион хоёул Украинд тусламж үзүү¬ лэхийг эсэргүүцэгч аж.
Ерөнхийлөгчөөр сонгогдвол Украинд улс төр, цэргийн аливаа тусламж үзүүлэхийг зогсооно гэж Кэлин Жоржеску мэдэгдэж байв. Жорже Симион хэрэг төвөг, хэл аманд бас өртдөг хүн юм байна. Түүнийг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдуулж Румыний Ерөнхий прокурорын газар мөрдөн шалгаж байв. Кэлин Жоржескуг сонгуульд өрсөлдөхийг зөвшөөрөөгүйн төлөө хариуцлага хүлээх ёстой этгээдийн “арьсыг амьдаар нь хуулах хэрэгтэй” хэмээн хэлж, эрх баригчдын шийдвэрийг “төрийн эргэлт” гэж үзэж байжээ. Түүнчлэн Симионы намыг Америкийн лобби хийдэг BGD фирмтэй холбоо сүлбээтэн хэмээн сэрдэж, бас мөрдөж, шалгаж байв.
Р.Жаргалант