Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Арцатын аманд байгуулж буй сургалтын төвийг энэ сарын сүүлчээр нээхээр төлөвлөснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Уг төв нь нийт 2800 орчим ам метр талбайтай бөгөөд 250 хүний багтаамжтай сургалтын танхим, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй өрөөнүүдээс бүрдэх аж. Үндсэн үйл ажиллагаа нь зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз гээд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагад ажиллагсдыг чадавхжуулж, мэргэшүүлэх. Сургалтыг Өмнөд Солонгосын болон олон улсын сургалтын байгууллагад олон жил ажилласан туршлагатай багш, мэргэжилтэн, зөвлөхүүд удирдан явуулахаараа онцлог гэнэ.
Н.Мишээл