Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох гээд ч байгаа юм шиг, үлдэх гээд ч буй мэт тодорхойгүй долоо хоног өнгөрөв. Хүүгийнхээ тансагласан орлогын эх үүсвэрийг нотол, чадахгүй бол ёс зүйн хариуцлага хүлээж огцор хэмээн шаардаж, залуус хоёр долоо хоногийн турш жагсаж байна. Түүнд итгэл үзүүлэхгүй гэдгээ ийнхүү мэдэгдээд байхад ямар ч хариу алга. Энэ сарын 19-нд Төрийн тэргүүн Ерөнхий сайдтай уулзаж, “Өөрөө ажлаа өг” гэж хэлсэн. Өнгөрсөн таван жилд улс орны бүх үзүүлэлтийг унагасан, бас орлогоо нотолж чадаагүйнх нь хариуцлагыг сүүлийн 10 сар л эрх мэдэл хуваалцсан АН-д тохоод цааш явах тогтоолыг МАН-ын Бага хурлаас гаргасан юм. Ардчилсан нам гэрээний ямар заалтыг зөрчсөн тухай тодорхой зүйлийг тэд хэлээгүй. Тэгмэгц хамтарч Засгийн газар байгуулах шийдвэрийг нь үргэлжлүүлэхгүй бол Ерөнхий сайд ажлаа өгнө гэсэн тухай л бид мэдэж буй.
Гэхдээ тэр албан ёсоор огт өргөдөл өгсөнгүй, УИХ-аар ч ийм асуудал хэлэлцсэнгүй. Зүгээр л нуугдчихав. Өчигдөр буюу даваа гарагт ямар нэг шийдэл гаргах байх гэсэн хүлээлт байсан ч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралд оролцсонгүй. Оронд нь Үнэн ба зөв намын дарга асан А.Отгонбаатар тэргүүтэн “УИХ тар” гэдэг эсрэг жагсаал зохион байгууллаа.
АЖЛАА ЦЭГЦЛЭХ ДОЛОО ХОНОГ
Оюун-Эрдэнэ нулимс унагаж байсан гэх. Бэр нь үнэтэй бэлгүүдээ гайхуулснаар хамаг “но” нь илэрч, орлогоо нотолж чадахгүй учраас огцрохоос өөр замгүй болсноо тэр ойлгож байсан. Тиймээс ч хэмжээгүй мэт эрх мэдэл, албан тушаалдаа хоргодсон, бас эх орныхоо төлөө гэж эхлүүлсэн мега төслүүдээ жаахан ч болов бодож нулимс унагасан гэж найдна. 2021 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллахдаа 30 гаруй жил гацсан том төслүүдээс тавыг эхлүүлсэн нь л түүний хийсэн ганц том ажил, гавьяа юм. Гэхдээ энэ ажлыг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ л хийж чадна, түүнгүй бол мега төсөл зогсоно гэсэн үг биш. Засгийн газар, Монголын төр түүнийх биш. Тиймээс төрийн ажил үргэлжилдгээрээ үргэлжилнэ, МАН олонх учраас дараагийн Ерөнхий сайд нь ч намын бодлогоо үргэлжлүүлэх л учиртай.
Түүнийг чимээгүй байх хооронд нийгмийн сүлжээ, сайтууд, хэвлэлээр үнэн, худал нь батлагдаагүй олон мэдээлэл цацагдлаа. Ерөнхий сайд огцрохгүйн тулд бүхнийг хийж байна гэв. Засгийн газрын тэргүүнээр Л.Оюун-Эрдэнэ ажилласан таван жилд ардчиллын үнэт зүйлс алдагдаж, олон ч үзүүлэлтээр манай улс ухарсан. Гэвч энэ бүхэнд түүнээс бусад нь буруутай мэт гэмтнийг хайх “аялал” нь үргэлжилж байна. Ерөнхий сайдын бэрийн тансаглалд АН-ынхан, бусад асуудалд УИХ буруутай байх нь. Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Сүхбаатарын талбайд хоёр өдөр жагсаал хийлгэхгүй гэжээ. Тиймээс “Огцрох амархан” жагсаалыг Эрх чөлөөний талбай руу түр шилжүүлж, өчигдөр ч тэндээ үргэлжиллээ. Гэтэл А.Отгонбаатар нарын өчигдөр зохион байгуулсан “УИХ тар” жагсаалд айлчлал хамаарсангүй. Тэд Сүхбаатарын талбайд цуглаж, хувьсгал хийхийг иргэдэд уриалав. Эсрэг жагсаал зохион байгуулахыг одоо мөрдөж буй хуульд хориглодог ч үүнийг дагах хүн алга. Уг жагсаалд мөн л иргэдийг төлбөртэйгөөр оролцуулж буй тухай мэдээлэл, хардлага тарсан юм. Шударга бусын эсрэг нэгдсэн “Огцрох амархан” жагсаалыг үймүүлэх оролдлогууд үүнтэй зэрэгцэн үргэлжиллээ. Тиймээс АН-ын гишүүн, элийрэгч хэмээх Ц.Уянга сайн дурын хамгаалалтад зогсох 50 хүн сураглаад авсан.
Ийнхүү хамгаалах жагсаалаа хийдгээрээ хийх зуурт Ерөнхий сайд үеэл Х.Нямбаатарыгаа өөрийнх нь оронд томилбол л өргөдлөө өгнө гэсэн тухай мэдээлэл гарав. Хотын дарга ч “Би Ерөнхий сайд болохгүй” гэж мэдэгдлээ. Эхний хүн нь огцрох, эсэх нь ч албан ёсоор тодорхой болоогүй, нэг шум тараагаад орхичихсон атал дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоор бужигнаж байна. Дур эзнээ голохгүй учраас бүгд л өөрийгөө чадна гэж үзэж буй бололтой. Ийнхүү бужигнаж, бужигнуулж байх зуурт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “арын ажлаа” амжуулж буй нь тодорхой. Хүүгийнхээ тансаглалын орлогыг хуулийн хүрээнд тайлбарлах арга зам хайж, хэмжээгүй эрхтэй байхдаа хийсэн “но”-гоо булзааруулахаас эхлээд түүнд ажил их биз ээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НҮҮДЭЛ
Нөгөө талаар МАН-ынхан дотроо дараагийн Ерөнхий сайд хэн байхыг тохирч чадахгүй, бүлэглэлүүд нь зөрчилтэй байгаа аж. Засгийн газрын тэргүүний алдааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөртөө боломж болгон ашиглахаар хор найруулж буй тухай ч бичиж, хардах болов. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ашиг сонирхол МАН-ынханд их бий. Ерөнхий сайдын зүгээс Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болгох, Төрийн тэргүүний хувьд өөрөө улирч үлдэх боломж бүрдүүлэхийг хүсэж байгаа юм. Улираан томилуулах заалтыг далдуур дэмжиж буй бас нэг хүн бол АН-ын Х.Баттулга. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийнхэн Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэгвэл иргэд Засгийн газрын тэргүүнийг орлогоо нотлохыг шаардаж, чадахгүй бол ёс зүйн хариуцлага хүлээ хэмээн жагсаж эхлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй” хэмээн мэдэгдэв. Маргааш нь тэр Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж, ажлаа өгөхийг “зөвлөсөн” билээ.
Л.Оюун-Эрдэнэ үнэнд гүйцэгдмэгц Ерөнхийлөгч дараагийн нүүдлээ эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдаар өөрийн хүнээ тавих, улмаар 2027 оны сонгуульд тэр хүнээ сойж, араас нь удирдах төлөвлөгөө боловсруулсан байх нь. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ерөнхийлөгчид хамгийн их таалагдах, түүний үгээр байж чадах тийм л хүн дараагийн Ерөнхий сайд болно. Улмаар 2027 оны сонгуульд У.Хүрэлсүх, эсвэл түүнийг оролдохгүй байх хүнийг нэр дэвшүүлэхийн төлөө ажиллана. Ийм зорилго, амлалтын ар дахь шатрын өргийг өрж байна гэж би харж байна” гэжээ.
“МАН ӨӨРӨӨ АСУУДЛАА ШИЙД”
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож, ямар нэгэн мэдэгдэл хийх болов уу гэж хүлээсэн ч тэгсэнгүй. Түүний танхимын сайд нар ч байсангүй. АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр л сууж байв. Олон сонгогдсон гишүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажлаа хийхгүй, тогтож суухгүй байгааг УИХ-ын дарга нь ч хэлсэн. Тэд АН-ынхныг Засгийн газраас гарсны дараа “бялуу”-г хэрхэн хуваах, хүртэх тухай хөөцөлдөөд байж сууж чадахгүй байгаа бололтой. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэгт МАН-ын Бага хурлын шийдвэрийг бичгээр одоо болтол танилцуулаагүй байгаа аж.
Ерөнхий сайдыг хамгаалж, нэр нүүрээ барсных нь төлөө тэднийг Засгийн газраас гаргах тогтоолыг МАН-ынхан баталсан. Тиймээс одоо АН-ынхан сөрөг хүчний байр суурь луугаа буцаж, огцруулах саналд бүлгээрээ гарын үсэг зурах боломжтой болоод буй. Хэрэв Ерөнхий сайд УИХ-д огцрох өргөдлөө өгөхгүй удвал Ч.Лодойсамбуугийн санаачилсан хариуцлага тооцох саналд АН-ын бүлгийн бусад 39 гишүүн нэгдэх хувилбарыг ч ярилцсан тухай гишүүн Х.Тэмүүжин дуулгав. Хэдэн сарын турш энэ тал дээр ганцаардаж явсан Ч.Лодойсамбуу гишүүн одоо бүлгээсээ дэмжлэг авч мэднэ гэсэн үг. Гэхдээ асуудлыг МАН-ынхан өөрсдөө эхлүүлсэн учраас шийдлээ ч гаргах ёстой хэмээн тэд хүлээзнэж байгаа аж. Мөн “Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг удаа итгэл үзүүлээч гэж хүсээд, МАН түүнийг нь олонхоороо хүлээж авбал АН-ын найман сайд өөрсдөө Засгийн газраас гарах өргөдлөө өгнө. Хөөгдчихөөд буцаж хамтрах тухай яриа байхгүй” гэв.
Юутай ч Ерөнхий сайд ажлаа өгөх, үгүй нь ч тодорхойгүй хэвээр, олон нийтийн хувьд албан ёсны мэдээлэлгүй, гайхширсан, хүлээсэн байдалтай байна. Засгийн газрын тэргүүнийг шууд асуулт, ярилцлагад урьсан хэвлэлийнхний шаардлагад ч хариу өгсөнгүй. Энэ бүхэн нь иргэдийн мэдэх эрхийг үл тоож байгаа үйлдэл юм. Нөгөө талд хоёрдугаар ээлжийнхэн албан тушаал хөөцөлдөж гүйлдсээр буй. Гэхдээ огцрох өргөдлөө өгсөн, үгүйгээс үл хамаараад орлогоо нотлох шаардлагаас бол Л.Оюун-Эрдэнэ мултрах учиргүй.