Олон улсын бүжгийн спортын холбооны “Хореографик” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Португалын Брага хотноо уржигдар зохион байгууллаа. Тус тэмцээнд Монголын бүжгийн спортын холбооны гишүүн “Royal dance” клубийн “Royal dance” хамтлаг залуучуудын болон насанд хүрэгчдийн ангилалд оролцож, хоёр алтан медаль, хос аваргын цом хүртлээ. Харин “Star dance” студийн “Star girls” хамтлагийнхан өсвөр насны ангилалд оролцож, тэргүүн байрт шалгарсан юм. Өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн гурван төрөлд зохион байгуулсан эл тэмцээний ангилал тус бүрд 18 орны бүжигчин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан байна. Эл тэмцээнд манай улсаас гурван дасгалжуулагч, 20 бүжигчний бүрэлдэхүүнтэй оролцсон аж.
У.Цэцэг