Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасанг хүүхэд хамгааллын элчээр томилсноо Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө зарлалаа. Түүний хувьд гэр бүлийнхээ үүсгэн байгуулсан “Мөнх тогтвортой хөгжлийн сан”-гаар дамжуулан хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих, сурч хөгжих таатай нөхцөлөөр хангах, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх, сурагчид, оюутнуудад шинжлэх ухааны ач холбогдлыг таниулах ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн байна. Иймд олон улсын байгууллагынхан хүүхэд хамгааллын салбарт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн хамтран ажиллах элчээрээ өргөмжилжээ. Элчээр томилогдсон хүн хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах үүрэг хүлээн, сайн дурын үндсэн дээр ажилладаг. Энэ үүднээсээ тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сан болон олон улс, хувийн хэвшлийн байгууллага зэрэг бусад оролцогч талтай хамтран хүүхэд хамгаалал, тэр дундаа боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах аж.
Н.Мишээл