Мопед, суррон, скүүтер зэрэг бичил цахилгаан хэрэгсэл бидний амьдрал, тэр дундаа авто замын хөдөлгөөнд өдөр бүр оролцож, хэн бүхэнд хамаатай болоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэдийгээр та тухайн хэрэгслүүдийг унаж хөдөлгөөнд оролцдоггүй байж болох ч явган хүний замаар амар тайван алхаж чадахгүй байгаа биз. Ингэлээ гээд тас хориглож болохгүй. Залуусын сонголт болсон эдгээр тээврийн хэрэгслийг хууль, эрх зүйн хувьд хэрхэн зохицуулж, аюулгүй байдлыг хангах вэ гэдэг нь нэн тулгамдсан асуудал болжээ.
Манай улсад 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар унадаг дугуй, цахилгаан скүүтер, сурроноос үүдэлтэй зам, тээврийн 206 осол бүртгэгдсэн байна. Гэтэл 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 985 осол гарч, гурван жилийн хугацаанд бүртгэгдсэнээс бараг тав дахин өсжээ.Дэлхий нийтэд ч мопед, суррон, скүүтерийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй тул хориглохоос илүү ээлтэй байдлаар шийдвэрлэх нь чухал. Ийм зохицуулалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд багтаажээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 4-нд болсон УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжсэн юм. Тус хуульд цахилгаан скүүтер, мопедын ангиллыг шинээр тодорхойлжээ.
Онцлох заалт
•Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох
•Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох •Скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох
•Скүүтер, сурроныг зөвшөөрснөөс бусад газар байршуулсан тохиолдолд торгох •Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх
•18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг, эхэд хариуцлага тооцох
•Явган хүний гарцаар зорчихдоо тээврийн хэрэгслээ түрж гарах, мөн насанд хүрээгүй хүүхдэд “E-Mongolia” эрхээ ашиглуулсан тохиолдолд хариуцлага тооцох,
•Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсний үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалт тусгажээ. Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн болон Зам, тээврийн яам, нийслэлийн Засаг дарга, Тээврийн цагдаагийн албаныхан хяналт тавина. Хуулийг энэ сарын 30-наас хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд скүүтер, мопед түрээсний үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Ч.Цэлмэг