Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Хонконгийн Политехникийн их сургууль хамтран энэ сарын 11-13-нд Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Азийн аялал жуулчлалын форум-2026” эрдэм шинжилгээний салбар хуралдаанаар өчигдөр эхэллээ. 15 дахь удаагийн форумд салбарын судлаач, эрдэмтэн, төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 120 гаруй хүн оролцохоор бүртгүүлснээс аялал жуулчлалын боловсрол, судалгааны чиглэлээр дагнадаг 30 гаруй мэргэжилтэн өчигдөр бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөвлөлт, зах зээлийн чиг хандлага сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Монголын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн тэргүүн, судлаач, доктор Д.Гансүх “Иргэд, олон нийт болон бодлого, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, улс төрчдийн дунд аялал жуулчлалын салбартай холбоотой ойлголтын зөрүүтэй, тодорхойгүй олон асуудал бий. Эдгээрийг нэг түвшинд зангидаж, зөвшилцөж байж шинэ тутамд гарч буй сорилтуудыг үр дүнтэй шийднэ. Үүнийг мэргэжлийн судлаачдын оролцоотойгоор бодит ажил болгоход энэ удаагийн форум чухал нөлөөтэй. “Азийн аялал жуулчлалын форум”-ыг Монголд анх удаа зохион байгуулж буй нь манай улсыг дэлхийн аялал жуулчлалд чухал тоглогч болохыг харуулж байна” гэв. Харин Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон “Энэ удаагийн форум Монголын аялал жуулчлалын хүний нөөцийг чадавхжуулахад онцгой ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Н.Мишээл