Румын улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд тэтгэлэг олгохоор болжээ. Манайд эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс сонгон суралцах бол давуу тал бөгөөд тэтгэлгийг бакалаврын хөтөлбөрт тав, магистрынхад гурав, докторынход хоёр оюутан байхаар хуваарилсан байна. Бакалавр, магистрын тэтгэлэгт румын хэлний нэг жилийн бэлтгэл хугацаа өгөх бол докторын хувьд англи, эсвэл франц хэлээр хичээлээ үзэх боломжтой аж. Мөн суралцагч өөрөө хүсвэл нэг жил румын хэлний бэлтгэлд хамрагдах боломжийг ч нээлттэй үлдээжээ.
Тэтгэлэгт багтах зүйлс нь сургалтын төлбөр, оюутны байр болон сарын тэтгэмж 925 румын лей, мөн румын хэлний бэлтгэл сургалтын зардал багтсан. Үндсэн шаардлага нь Монгол Улсын иргэн байх, өмнө нь Румын улсын Засгийн газрын тэтгэлэг авч байгаагүй, холбогдох боловсролын зэрэг эзэмшсэн байх гэхчлэн бусад орныхыг бодоход харьцангуй энгийн шалгууртай. Тэтгэлэгт бүртгүүлэх сүүлчийн хугацаа энэ сарын 22-ны 09.00 цаг хүртэл юм байна.
Л.Ням