УИХ-ын 2024 оны намрын чуулганаар цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа, эсэхийг тогтоох зорилгоор хүнийг түр саатуулах хугацааг зургаан цаг хүртэл байхаар тусгасан. Гэвч түр саатуулах байранд хүргэсэн цагаас эхлэн хугацаа тооцдог байсныг Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтыг зөрчиж байна хэмээн дүгнэсэн юм. Үндсэн хуулиар хүн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглодог. Иймд уг асуудлыг УИХ-аар өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэж, түр саатуулах хугацааг иргэнийг цагдаагийн мэдэлд очсон цагаас эхлэн тооцохоор зохицууллаа.
Л.Ням