Нийслэлийн ИТХ-ынтөлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, “лайвчин” гэгддэг АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нарыг тус хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн, хүмүүсийг үл хүндэтгэсэн, харилцан нэгэндээ халдаж, хохирол учруулахгүйгээр зодсон гэсэн үндэслэлээр тус бүрийг нь 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ес хоног баривчлах шийтгэл оноосон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн эл шийтгэврийн дагуу тэднийг ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд өнгөрсөн пүрэв гаргийн 14.00 цагийн үед хүргэсэн аж. Гэвч Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгчийн шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлж, 17.00 цагийн үед Баривчлах төвөөс суллуулан авч явжээ. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргаж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шийтгэврийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт өгснөөр үйлчлүүлэгчээ суллуулсан юм. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлал гартал Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг сургалтад хамруулах, баривчлах шийтгэлийг түр түдгэлзүүлээд байна.