Нийтийн тээврийн салбарын “Уран жолоодлого-2025” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол наадам” цогцолборт боллоо. Уралдаанд оролцогсод 12 үзүүлбэрээр өрсөлдсөн бөгөөд эхний өдөр зургаан даалгавар гүйцэтгэсэн юм. Тэмцээний явцын дүнгээр (өчигдөр 16.30 цаг) “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ-ын баг 456 оноогоор тэргүүлж, “Зорчигч тээвэр тав”-ынхан удаалж, гуравдугаар байрт “Автобус нэгтгэл” ХХК-ийнхан бичигдсэн байв. Жолоочийн ур чадвараас гадна ёс зүй, хариуцлагатай байдлыг гол шалгуур болгож буйг тэмцээний шүүгчид онцолсон юм. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн бүх автобус хяналтын камертай бөгөөд тухайн жолоочийн ажлын өдрийн бичлэгийг хянаж (бэлэн мөнгө авсан, зогсоолгүй газар зогссон, тамхи татсан, зорчигчтой зүй бус харилцсан гэх мэт) ёс зүйн алдаа гаргасан, үгүйг нь хянаж шалгаруулж буй аж. Ташрамд дуулгахад, уран жолоодлогын тэмцээнийг 1960-аад оноос зохион байгуулжээ. Харин 2019 оноос эхлэн эл тэмцээнийг багийн төрлөөр явуулдаг болсноороо онцлог гэнэ. Нийт 12 аж ахуйн нэгжийн 100 гаруй хүүхэд жолооч аав, ээж, ах, эгч нараа дэмжиж, тэмцээнийг үзэж сонирхсон байна.
Ч.Туяа