Манай улсын зүүн бүс дэх үзэсгэлэнт Буйр нуур орчим цөлжилтөд эрчимтэй өртөж буйг мэргэжлийн байгууллагууд тандалт, судалгаагаар тогтоожээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар, Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргааныхан хамтран тухайн бүсэд судалгаа хийхэд нуурын эрэг орчмын элсний нүүдлийн тархалт дөрвөн жилийн өмнөхөөс гурван ам км-ээр нэмэгдсэн байжээ. 2015 онд буюу энэ чиглэлийн хамгийн анхны судалгаагаар элсний нүүдлийн тархалт нь 10.9 ам км байсан бол 2018 онд 12.04, 2020 онд 12.73 ам км-т хүрч, өнгөрөгч онд 15.91 ам км болж тэлжээ. Анх судалгаа хийснээс хойших найман жилд элсний тархалтын талбай нь таван ам км-ээр нэмэгдсэн гэсэн үг. Элсний нүүдлийг сааруулж, тархалтыг нь хязгаарлахгүй бол нуур орчмын бүс байгалийн аясаар эргэн сэргэхгүй болтлоо гүн доройтох эрсдэлтэй. Улмаар амьтан, ургамлын төрөл, зүйл гээд биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, Монгол орны усны нөөцөд үлэмж хохирол учрах аюултай юм. Иймд Буйр нуур орчмын элсний нүүдлийг хязгаарлах туршилт, судалгааг цаг алдалгүй хийж, хамгаалалтын зурвас байгуулахад шат шатандаа анхаарах шаардлагатайг сав газрын захиргаанаас нь санууллаа. Ташрамд дурдахад, Буйр нь Монгол орны зүүн бүс дэх нуур, цөөрмүүдээс хамгийн том нь бөгөөд тухайн хэсэг дэх хилийн усны уртын 17.3 хувь буюу 30.3 км-ийг эзэлдэг юм.
Ж.Сувд