Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээнд Монгол Улс, БНХАУ-ын талаас өчигдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны хүмүүс, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи тэргүүтэй мэргэжилтнүүд оролцсон юм.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь нийт 32.6 км урт, I зэрэглэлийн, 1520 мм өргөн, 1435 мм нарийн царигийн хос замтай. Үүнээс гол замын урт 19.5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм. Гэхдээ өнөөгийн түлш шатахуун, цахилгаан, түүхий эд, материал, цалингийн өсөлт зэрэг эдийн засгийн нөлөөллөөс шалтгаалан дээрх төсөвт өртөг нь нэмэгдэхээр байгаа тул ажил гүйцэтгэх гэрээнд тодотгол хийж шинэчлэх гэнэ.
Тус боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын барилгын корпорац “Си Ар Си Си” шалгарч, түүний охин компани болох Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон билээ. Ийнхүү “Тавантолгой төмөр зам” болон “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” ХХК-иуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч, гарын үсэг зурсан юм.
Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 15-нд албан ёсоор Монгол, Хятадын талаас гүүрний эхний шон суурийг өрөмдөж, барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Хоёр улсын хил дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам бий болсноор цаашид Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтыг төмөр замаар үе шаттай холбох нөхцөл бүрдэж буй юм. Үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх төсөөлөл гарчээ. Түүнчлэн эл бүтээн байгуулалтын ажил дууссанаар хамгийн багадаа дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллароор нэмэгдэх аж.
Ч.Туяа