Баян-Өлгий аймагт 17 настай хүү ахынхаа эзэмшлийн автомашиныг жолоодож яваад осолдож, өөрөө болон хамт явсан гурван хүүхэд нас барж, дөрвөн хүүхэд гэмтсэн ноцтой осол хэдхэн хоногийн өмнө гарсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд өртсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг, Бэлхийн замд 13-16 насны хүүхдүүд автомашин жолоодож яваад осолдож, нэг нь нас барсан байна. Мөн найман хүүхэд гэмтжээ. Урьдчилсан байдлаар эцэг, эх, асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй унаж яваад осолдсон аж. Хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй, нууцаар унаж яваад осол гаргах, гэмтэх, амиа алдах тохиолдол гарч буй тул хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй, жолоо шилжүүлэхгүй байхыг ТЦА-наас анхааруулав.
Мөн өнгөрсөн ням гарагт ачигч автомашины жолооч хүн дайрсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлж, түр саатуулах үйлчилгээ эрхэлдэг компанийн ачигч автомашины жолооч “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дү¬ рэм зөрчсөн үндэслэлээр Долоон буудлын эцсийн автобусны буудлаас зөөж шилжүүлэх үедээ дээрх зөрчлийг гаргажээ. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн ачигч автомашины хөдөлгөөнийг хааж зогсон, чирэгдэж яваад тээврийн хэрэгсэлд шүргүүлсэн байна. Эл хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж буй аж.
Ч.Болор