БНСУ-ын Чонжү хот, Хөвсгөлийн Мөрөн сум хоорондох эхний шууд нислэгийг ирэх сарын 29-нд үйлдэхээр төлөвлөж буйг тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Өнгөрөгч долоо хоногт Хөвсгөл аймагт болсон “Дөрвөн улирлын аялал жуулчлал-Ажлын байр” зөвлөгөөний үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, эхний нислэгийн товоо ийнхүү тогтсон байна. Бүсчилсэн хөгжил, аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Засгийн газар орон нутгийн таван нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгож, гадаадаас шууд нислэг хүлээж авах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж буй. Үүнд Хөвсгөлийн “Мөрөн” нисэх буудал багтсан бөгөөд ирэх онд багтаан олон улсын 4С зэрэглэлтэй болгохоор төлөвлөсөн. Тэгвэл өргөтгөл, шинэчлэлийн ажлаас урьтан гадаадаас шууд нислэг хүлээж авах орон нутгийн анхны нисэх буудал “Мөрөн” болох нь. Нислэгийн шинэ чиглэл нээснээр хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийг хөгжүүлэх ач холбогдолтой хэмээн талууд үзэж байна.
Н.Мишээл