Боловсролын яамныхан багшийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Үүний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүн худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр аж ахуйн нэгж, арилжааны банкууд болон бусад салбарын төлөөлөлтэй ярилцсан. Монголын багш нарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, цэцэрлэг гээд бүх шатны боловсролын байгууллагын ажилтныг энэ системд хамруулна. Бидэнтэй гэрээ байгуулсан бүх байгууллагад төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Ингэснээр салбарын мэргэжлийн боловсон хүчний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бодлого зогсохгүй, цаашид ч үргэлжилнэ. Багш нарын амьжиргаа, орлогыг бодитоор дэмжиж буй бодлого юм. Мөн Боловсролын яам хувь хүний мэдээллийг чанд нууцалж, хамгаална” гэлээ.