Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад, дотоодын их сургуульд суралцаж төгссөн ч зээлээ хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлж, дипломоо аваагүй 14 мянга гаруй иргэний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үе шаттайгаар нийлүүлсэн юм. Ингэснээр хариуцлагагүй зээлдэгчдийг “хар жагсаалт”-д оруулах буюу зээлжих зэрэглэлийг нь бууруулах, банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх боломжийг нь хязгаарлах нөхцөл үүссэн. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл болон хэрэглээний төлбөрийнхөө эргэн төлөлтийг зургаан сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн иргэдэд тооцдог “шийтгэл”-ийг тэдэнд ч оноож, найдваргүй зээлдэгчдийн ангилалд багтаах болсон гэсэн үг. Тэгвэл ийм арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт эрс сайжирчээ. 2025 оны эхний таван сарын байдлаар төгсөгчид долоон тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81 хувиар өссөн дүн аж. Өнөө жил тус санд зээлийн эргэн төлөлтөөс 30 тэрбум төгрөг төвлөрүүлж, шинээр ирүүлсэн зээл, тэтгэлгийн хүсэлтүүдийг шийдвэрлэхээр төлөвлөсөн. Оны сүүлч гэхэд зээлийн эргэн төлөлт энэ хэмжээнд хангалалттай хүрэхээр, давж биелэх ч магадлалтай байгааг Боловсролын зээлийн сангийнхан мэдээлэв.