1960 онд дэлхий нийтийн дундаж наслалт 70 хүрэхгүй байсан бол өдгөө 80-д ойртсон. 90 нас шүргэж байгаа ч залуучуудаас илүү цовоо сэргэлэн хүн цөөнгүй бий. Дэлхийн улс орнууд тэтгэвэрт гарах насны хязгаарыг улам сунгаж, хууль, тогтоомждоо өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, Дани улс тэтгэвэр тогтоолгох насыг 70 болгон нэмэгдүүлсэн нь шүүмжлэл дагуулж байхад Доналд Трамп 79 настайдаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Тэгэхээр яг хэдэн насыг хөгширсөнд тооцох нь сонирхолтой аж. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд насжилт хүний ажиллах чадварт нөлөөлдөг, эсэхийг судалж, үр дүнгээ саяхан танилцууллаа. Үүнд хэд хэдэн анхаарал татахуйц дүгнэлт багтсан байна. 25-75 насны хүмүүсийн эсийн молекулыг судлахад 44 болон 60 насанд сэтгэл зүй, хийгээд бие махбод огцом өөрчлөгддөг гэсэн байна. Ажлын байранд залуу ажил горилогчдыг давуу эрхтэйгээр сонгох хандлага өндөр байдаг боловч зарим ахмад ажилтан илүү бүтээмжтэй, тууштай, тогтвортой байдаг гэжээ. Хүн амын насжилт ихсэж буй өнөө үед тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэтгэврийн насыг нэмэх, уян хатан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг тэд мөн дурдсан байна. Хамгийн гол нь, хүмүүсийн ажиллах чадварт дан ганц нас биш, оюуны болон бие махбодын эрүүл мэнд, урам зориг, эрмэлзэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.
Д.Тамир