Энэтхэгийн хойд хэсэгт орших Жамму ба Кашмир мужид Чинаб голын дээгүүр барьсан дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нээлээ. Гүүрний нээлтийн ёслолд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди биечлэн оролцож, зорчих хөдөлгөөнийг эхлүүлэв. Энэхүү гүүр нь 1315 метр урттай, 359 метр өндөртэй бөгөөд Эйфелийн цамхгаас 29 метрээр өндөр аж. Нийт урт нь 1.3 км бол гүүрний гулдан хэсэг нь 467 метр. Энэ “аварга” гүүрийг барихдаа дэлхийн хамгийн уртад тооцогдох кран ашигласан нь инженерчлэлийн салбарт томоохон амжилт болжэ.
Ерөнхий сайд Нарендра Моди “Чинаб гүүр нь Жамму ба Кашмир мужийг бусад бүс нутагтай төмөр замаар холбоод зогсохгүй эдийн засаг, зам, тээврийн дэд бүтэц, аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. Энэ бол энэтхэгчүүдийн эв нэгдэл, хүсэл тэмүүллийн илэрхийлэл” хэмээн хэлжээ.
Тус гүүрийг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр ажил нь саатсанаас ийнхүү таван жилийн дараа нээв. Уулын эгц хадан хормойд баригдсан уг гүүр нь хүчтэй газар хөдлөлт, 260 км/ц хүртэлх салхины хурд, тэсэлгээний аюулд тэсвэртэй металл болон бетон хосолсон бүтэцтэй аж. Нийт 28 660 тонн ган ашигласан бөгөөд барилгын ажилд нь олон улсын болон үндэсний байгууллагуудын 120 гаруй инженер оролцжээ. Гүүрний ашиглалтын хугацаа 120 жил бөгөөд 20 хэм хүртэлх хүйтэнд тэсвэртэй гэнэ.
Ц.Аюуш