Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг өнгөрсөн оны сүүлчээр шинэчлэхдээ гадаадын болон дотоодын жуулчдад ялгавартай ханш тогтоосон нь шүүмжлэл дагуулж буй. Тодруулбал, дотоодын иргэд тусгай хамгаалалттай бүсэд зорчиход ангиллаас нь хамаараад 1000-5000 төгрөг төлж байгаа бол гадаадынхан 10 000-20 000 төгрөг хураалгадаг. Мөн жуулчны автобусны суудлын тооноос нь хамаараад 10 000-120 000 төгрөгийн хураамж авдаг болсон. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад дур мэдэн хураамжаа нэмэх, давхар тасалбар авахыг шаардах зэрэг зөрчил түгээмэл гаргаж эхэлснийг аялал жуулчлалын салбарынхан шүүмжиллээ.
Тухайлбал, Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрынхан дотоодын иргэдийг 3700, гадаадын жуулчдыг 16 000 мянган төгрөгөөр хоёр удаа тасалбар авч нэвтрэхийг шаардах болжээ. Жуулчид тухайн тусгай хамгаалалттай бүс дэх Ёлын ам, Хонгорын элсийг үзэхийн тулд тусад нь хураамж төлж, давхар тасалбар авах ёстой гэх. Хамгаалалтын захиргааныхан “Говь гурвансайханы байгалийн цогцолборт газарт аялахдаа эхний цэгээс авсан тасалбараараа дараагийн зорин очих газарт 24 цагт багтаж нэвтрээгүй тохиолдолд дахин авч үйлчлүүлэх ёстой” гэж буй бол тур оператор компанийнхан, хөтөч, тайлбарлагч нар “Нэг бүс, хамгаалалтын захиргаанд хамаардаг газруудад дахин тасалбар авах шаардлагагүй” хэмээн эсэргүүцэж байна. Музей, галерей, амьтны хүрээлэн зэргээр үйлчлүүлэхдээ жуулчид нэвтрэх хураамжийг ганцхан удаа төлдөг бөгөөд үзмэр тус бүр, эсвэл давхар болгонд тасалбар авдаггүйг тэд жишээ болгон дурдлаа. Иймд Ёлын ам руу нэвтрэхдээ хураамж авсан хүн төлбөрийн баримтаа үзүүлээд Хонгорын элс, Хэрмэн цав, Нэмэгтийн хонгил зэрэг бусад дурсгалт газрыг ч үзэх, зорчих эрхтэй гэж тэд үзэж байна.
Н.Мишээл