Өмнөд Солонгосын тансаг зэрэглэлийн брэнд нүдний шил үйлдвэрлэгч “Gentle monster” компанийн “Serenity” кампанит ажлын ээлжит сурталчилгаанд Монголын уран нугараач Б.Одгэрэл дэглээчээр ажиллажээ. Тус компани нь урлаг, техник, технологи, гүн ухааныг хослуулсан хэлбэр хийц, утга агуулгатай богино хэмжээний бүтээлүүдийн “Serenity” төслөөрөө олон улсад танигдаад буй. Үүний хүрээнд бүтээж, олон нийтэд хүргэсэн ажлууд нь сурталчилгаа гэхээсээ илүү урлагийн бүтээл гэдэг талаасаа үнэлэгдэх болсон юм. “Gentle monster” компани хамгийн сүүлд компакт шилний шинэ коллекцоо мөн ийм бүтээлч байдлаар танилцуулав. Тус сурталчилгаанд нэгэн эмэгтэй уран нугаралтын нарийн техникүүдийг гүйцэтгэх явцдаа шинэ загварын шил танилцуулж буй дүрслэл гардаг. Тэгвэл үүний хөдөлгөөнийг Б.Одгэрэл дэглэж, моделиор нь Өмнөд Солонгосын “Aespa” хамтлагийн дуучин Карина ажиллажээ. Монгол уран бүтээлчийн уян налархай хөдөлгөөнийг CGI ашиглан Каринагийн биед “суулгажээ”. Уг бүтээл БНСУ-д төдийгүй олон улсад тэсрэлт болж байгааг мэргэжлийн уран бүтээлчид онцлов.
Ж.Сувд