АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн эмх замбараагүй явдлыг цэгцлэхийн тулд Ерөнхийлөгч Дональд Трамп нь Үндэсний гвардын 2000 цэргийг тийш нь илгээсэн. Пентагоны тэргүүн нь болохоор армийн хүчийг ашиглахыг ч үгүйсгээгүй. Хүчирхийлэл намжихгүй бол Лос-Анжелес руу армийн анги, салбараас явуулна гэж Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нь хэллээ. Түүний хэлснээр бол тэнгисийн явган цэрэг нь ойрхон өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа гэнэ. Тэгтэл Калифорни мужийн амбан захирагч болон Лос-Анжелес хотын мээр нь айдас хүйдэс төрүүлэх гэлээ, ер нь нь л сүр бадрууллаа гэх аястай үг хэлж Цагаан ордныг буруутгасан.
Лос-Анжелес хотын Парамаунт дүүргийн оршин суугчдын 80 хувь нь латин америкчууд юм байна. Чухам энд эсэргүүцэн тэмцэгчид хийгээд цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ.
Ерөнхийлөгч Трамп өөрийн хийсэн алхмаа Лос-Анжелесын удирдлага үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн улмаас “хууль ёс, эмх журмыг сэргээн тогтоохын тулд” гэж тайлбарлаад байгаа. “Догшин хэрцгий бөөн хүн манай төрийн ажилтнууд руу дайрч давшилж буй ч тэдний хууль бус үйлдлүүд бидний шийдвэртэй байдлыг улам чангаруулж байна” гэж Трамп бичжээ. Лос-Анжелес хотыг цагаачдын хууль бус үйлдлээс чөлөөлж, эмх замбараагүй байдлыг зогсоохыг Дотоодыг хамгаалах, Батлан хамгаалахын сайд нар болон ерөнхий прокурорт Ерөнхийлөгч үүрэг болгосон. “Тус хотыг чөлөөлж, хууль бус цагаачдыг гаргаж, дэг журам тогтоох болно” гэж Трамп хэлсэн. Цагаачлалын тухай хуулийг биелүүлэхэд саад хийж буй энэ эсэргүүцэл тэмцэл нь Засгийн газрын эсрэг бослогын хэлбэртэй байгаа тул түүнийг намжаахад Үндэсний гвардын цэргүүдийг ашиглахад хүрсэн гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлсэн байна. Эдгээр цэрэг лав 60 хоног үүрэг гүйцэтгэнэ, эцсийн шийдвэрийг Батлан хамгаалахын сайд гаргана гэж уг мэдэгдэлд дурджээ. Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом Цагаан ордны зүгээс гаргасан шийдвэрийг “зориуд өдөөн хатгасан шинжтэй” гэж нийгмийн сүлжээнд бичсэн байна лээ. Тэрбээр тэмцэгчдийг хүч бүү хэрэглэ гэж хүсээд, Үндэсний гвардын цэрэг ирснээр түгшүүртэй байдлыг л нэмэгдүүнэ хэмээн болгоомжилж байв.
Эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд армийг ашиглах гэсэн Пентагоны тэргүүний мэдэгдлийг Ньюсом “хэвийн бус үйлдэл” гэж үзэж байв. Түүний хэлснээр “Өөрийн иргэдийн эсрэг Америкийн газар нутаг дээр тэнгисийн явган цэргийн хүчийг ашиглахаар сүр¬дүүлж болохгүй” аж. Калифорни мужийн амбан захирагч, Лос-Анжелесын мээр нар албан үүргээ гүйцэтгэж чадахгүй бол “эмх замбараагүй байдал, тонуулчин дээрэмчдийн асуудлыг шийдэх үйлсэд холбооны Засгийн газар оролцож, хийх ёстойгоо хийх болно” гэж Трамп нийгмийн сүлжээндээ бичсэн юм. АНУын Ерөн¬хийлөгч тодорхой зорилгоор бослого тэмцлийг дарахаар Үндэсний гвардыг илгээх бүрэн эрхтэй байдаг аж
Цагаачлалын асуудалд хатуу чиг шугам баримталдаг, Цагаан ордны ахлах туслах Стивен Миллер эсэргүүцэл тэмцлийг “хүч хэрэглэсэн бослого” гэж үзжээ. Америкийн одоогийн засаг захиргаа бослого тэмцлийг цэргийн хүчээр дарах тухай заасан 1807 оны хуулийг хэрэглээгүй байна. Хууль сахиулах, эмх замбараагүй байдлыг намжаахад армийн хү¬чийг ашиглах эрхийг энэ хуулиар АНУ-ын Ерөнхийлөгчид олгосон байдаг аж. Уг хуулийг сүүлийн удаа 1992 онд Лос-Анжелес хотод эмх замбараагүй байдал дэгдэх үед Калифорни мужийн амбан захирагчийн хүсэлтээр ашиглаж байжээ.
Лос-Анжелест үүссэн бослого тэмцлийн үеэр хэд хэдэн иргэнийг баривчилж, хүмүүс шархдаж эмнэлэгт хүргэсэн тохиолдол ч бий юм. Автомашин шатаж, худалдааны төвд нь түймэр гарсан байна. Даунтаун дүүргээс нь хүний цогцос ч олджээ. Цагаачлал, гаалийн цагдаа (ICE) гэж АНУ-д хууль бусаар орогнож байгаа хүмүүсийг илрүүлж, баривчилж, албадан гаргах алба эрхэлдэг холбооны агентлаг байдаг. Трампыг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болсноос хойш тус байгууллагын баривчилсан хүний тоо 100 мянгаас даваад байна. Трампын “хил хязгаарын хаан” гэгддэг Том Хоман цагдаагийн энэ байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихаар Лос-Анжелест очсоныхоо дараа “Эсэргүүцэл тэмцлийн үед гаргасан аливаа хүчирхийлэл болон хувийн өмчид халдсан үйлдлийг тэвчихгүй” гэж мэдэгдэж байв. Лос-Анжелест үүссэн бослого тэмцэл нь хууль бус цагаачдын эсрэг одоогийн засаг захиргааны авч буй арга хэмжээг хэтэрхий хатуу ширүүн байна гэж үзсэнээс үүдэлтэй юм. Бас Калифорни мужид олгох холбооны санхүүжилтийг танах гэсэн нь ч нөлөөлсөн гэх мэдээлэл бий. Тэмцэл энэ сарын 7-нд эхэлсэн. Калифорни муж руу энэ удаад Үндэсний гвардын цэргийг Ерөнхийлөгч нь тус мужийн захирагчтай зөвшилцөлгүйгээр илгээсэн нь сүүлийн 10 жилд анхны тохиолдол юм байна. Тиймээс Дональд Трампыг Калифорни мужийн амбан захирагч нь шүүхэд өгөхөөр амлаад байгаа юм.
Үндэсний гвардын хүчийг Лос-Анжелест авчирсан нь түүний байлдааны бэлэн байдалд нь сөргөөр нөлөөлж байна гэж энэ сарын 11нд “The Atlantic” сэтгүүлд мэдээлэв. Барак Обамагийн үед Үндэсний гвардын товчооны орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, чөлөөнд байгаа хошууч генерал Рэнди Мэннэр Калифорни мужийн гвардын хүчийг Ерөнхийлөгчийн хяналтад шилжүүлснээр цэргийн алба хаагчдыг ажлаас нь хөндийрүүлж, төлөвлөсөн бэлтгэл сургуулилалт хийхэд хүндрэл учруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Хэвлэлийн мэдээллээс үзвэл Калифорни мужийн амбан захирагчийн хүсэлтийг үл харгалзан тэнгисийн 700 явган цэргийг Лос-Анжелес руу илгээсэн нь Америкийн газар нутагт зэвсэгт хүчнийг ашиглахад Ерөнхийлөгч хязгаар тавьсаар ирсэн олон арван жилийн уламжлалыг зөрчиж байгаа аж. Трамп болохоор тус мужид амгалан, аюул осолгүй болж, бослого тэмцэл намжсаны дараа л Үндэсний гвардын хүчийг эргүүлж татна гэж мэдэгдээд байгаа юм. Энэ шийдвэрийг 22 мужийн амбан захирагч эсэргүүцэж “эрх мэдлээ буруу ашиглалаа” гэж үзээд буй. Ийм эсэргүүцэл тэмцэл үсэрхийлж Техас мужийн төв Остин хотод гарсан байна. Жагсагчдыг цагдаа нар нь хөөж тараасан гэх мэдээлэл байна.
Р.Жаргалант