Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээрт өнгөрсөн тавдугаар сарын 14нд гарын үсэг зурсан нь 1955 оноос хойш 70 жилийн дараа хоёр улс энэ салбарт дахин нэг түүхэн үйл явдлыг хамтдаа бүтээх эхлэл болсон билээ. Улмаар энэ сарын 9-нд Монголын “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХКиуд барилгын ажил гүйцэтгэх гэрээний төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд өчигдөр хоёр улсын хилийн шугам дээр талууд баганат гүүрний анхны шон суурийн өрөмдлөгийг эхлүүллээ.
Энэхүү хил дамнасан бүтээн байгуулалт нь инженерчлэлийн төвөгшил ихтэй, хилийн бүс дотор хийгдэж байгаа зэрэг нь барилгын ажилд нэлээд бэрхшээл, сорилт болох хэдий ч 22 сарын хугацаанд дуусгаж, төмөр замын тээвэрлэлтийг эхлүүлэх юм байна. Монгол, Хятадын хилийг дамнасан анхны гүүрэн байгууламж бүхий төмөр зам байгуулагдсанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн олон салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийг урагшлуулах гарц болно гэдгийг яамныхан онцолсон. Цаашид Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох бөгөөд ингэснээр нүүрсний экспортыг 165 сая тоннд хүргэх, улмаар Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 000 ам.доллар болгоход чухал ач холбогдолтой аж.
Г.Сансар