Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, хотын иргэдэд тайван дулаан, эерэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс албан байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна талбайдаа мод, зүлэг, цэцэг тарих нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийнхан энэ зун хашаагаа олон төрлийн цэцгээр гоёжээ. Тэд сургуулийнхаа гадна орчны өнгө үзэмжийг дээшлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сурагчдад байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор ийнхүү цэцэг тарьсан байна. Ингэхдээ зүгээр нэг гадна талбайдаа ургамал, ногоо тариад өнгөрөх бус, хашааныхаа хайсыг ч бүтээлчээр ашиглан, тусгайлан бэлтгэсэн төмөр саванд өнгө алагласан цэцгийг олноор тарин, бичил ногоон байгууламж үүсгэснээрээ онцлогтой юм.
Тус сургуулийн удирдлагууд “Төрөл бүрийн цэцэг тарьж, сурагчдадаа экологийн боловсрол олгохоос гадна байгальд ээлтэй иргэн болох хандлагыг төлөвшүүлэх нь бидний зорилго” гэв. Цэцэг тарих нь агаар дахь тоосжилтыг бууруулах, хөрсний усыг хадгалах зэрэгт чухал үүрэгтэй. Үүнээс гадна цэцэг болон ургамалтай ойр өссөн хүүхдийн сэтгэл санаа тайван, аливаад төвлөрөх чадамж өндөр байдгийг олон судалгаагаар тогтоожээ.
У.Цэцэгсүрэн