Олон улсын Ган, цөлжилттэй тэмцэх өдөр маргааш тохионо. Үүний хүрээнд “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 18-19-нд зохион байгуулах аж. Уг хуралд АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Швейцар, Норвег, Герман зэрэг 10 гаруй орны эрдэмтэд оролцон, санал солилцож, илтгэл хэлэлцүүлэх юм. Мөн энэ үеэр цөлжилт, ган, шороон шуурга, газрын доройтлын чиглэлээр олон жил судалгаа хийсэн БНХАУ болон Японы эрдэмтдийн баг ирж, судалгааныхаа үр дүнг танилцуулах гэнэ. Түүнчлэн энэ өдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн болон Үндэсний төв номын сангийнхан хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд цөлжилт, газрын доройтол зэрэг сэдвээр эсээ бичлэгийн уралдаан зарлаж, цөлжилттэй тэмцэх онолын болон практик сургалт зохион байгуулах юм байна. Ташрамд дурдахад, дэлхий дахинд нэг секунд тутамд хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц газар доройтдог бол манай орны нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий.
У.Цэцэг