Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 18-21-нд орон даяар болж өндөрлөлөө. Математик, англи хэл, нийгмийн ухаан зэрэг хамгийн олон хүүхэд өгдөг гол хичээлүүдийн шалгалтын даалгавар өмнөх жилүүдийнхээс хүнд байсан, сурагчдын огт мэдэхгүй, бэлдсэнээс өөр сэдэв, агуулга нэмэлтээр оруулж ирсэн, зарим тест, бодлогын хариу илт зөрсөн, алдаатай байсан зэрэг мэдээлэл энэ өдрүүдэд нийгмийн сүлжээнд тархаад байна. Элсэлтийн шалгалтын даалгаврыг олон жил боловсруулсан мэдлэг, туршлагатай хүмүүсийг салбарын сайд хуугаар нь сольж, Боловсролын үнэлгээний төвд бүтцийн шинэчлэл хийснээс ийм нөхцөл байдал үүссэн гэж хардах хүн ч цөөнгүй. Тэгвэл өчигдрийн байдлаар Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төв зэрэг холбогдох байгууллагуудаас 2025 оны элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар ямар нэг мэдээлэл өгөөгүй, байр суурь илэрхийлсэнгүй. Харин их, дээд, дунд сургуулийн багш нар шалгалтын гүйцэтгэлтэй холбоотой албан бус, урьдчилсан эрэмбэ, онооны дунджийг танилцуулсаар байсан юм. МУИС-ийн доктор, профессор Б.Ганбатын гаргасан эрэмбээр энэ жилийн математикийн элсэлтийн шалгалтад Дундговь, Өвөрхангай, Орхон, Увс, Дархан-Уул аймаг төгсөгчдийнхөө нийлбэр оноогоор тэргүүлжээ. Сүүлийн байрт Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр орсон байна. Математикийн шалгалт өгсөн 28 мянга гаруй хүүхдийн дөнгөж гурван хувь нь л даалгавраа 50-иас дээш хувьтай гүйцэтгэжээ. Харин англи хэлний элсэлтийн шалгалтын оноогоор Дархан-Уул аймаг тэргүүлж, Хөвсгөл “баян ходоодонд” орсон гэнэ. Гадаад хэлээр шалгуулагчдын 14 хувь нь л онооныхоо тавиас дээш хувийг авсан аж.
Н.Буян