Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн онд дотоодод суралцах 929 оюутанд хоёр тэрбум, гадаадад суралцах хоёр иргэнд 400 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэв. Тэрбээр хууль, журмын дагуу хүсэлт гаргасан хүмүүст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд асуудал үүсэж буй талаар дурдсан юм. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д “Хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн өрхийн суралцагчийн сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сан хариуцна” гэж заасан. Ингэж ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр шууд заасан нь санхүүжилтэд хүндрэл учруулж буй гэнэ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар дотоодын 583, гадаадын их, дээд сургуульд суралцах 17 оюутан санхүүгийн дэмжлэг хүссэн байна. Гадаадад суралцагч нэг иргэнд ногдох зардал дотоодын суралцагчийнхаас эрс өндөр байгаа нь зээлийн сангийн хувьд тэгш, хүртээмжтэй санхүүжилт хийхэд чирэгдэл учруулж буй тул зорилтот бүлэгт чиглэсэн санхүүжилтийн тогтолцоог ирэх жилүүдэд илүү боловсронгуй болгох шаардлагатайг онцоллоо.
Ч.Болор