Боловсролын салбарынхан багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын үр дүнгийн талаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцэв. Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгээс 2024 оны арваннэгдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын хооронд багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтын хөтөлбөрийн эрхийг найман их, дээд сургуульд олгосон юм. Өөрөөр хэлбэл, МУБИС, МУИС, СУИС, СЭЗИС-ийн Боловсролын сургууль, “Олон улсын Улаанбаатар их сургууль”, “Отгонтэнгэр” их сургууль, “Их засаг” их сургууль, “Орхон” их сургууль сургалт зохион явуулах эрхтэй болсон ч зургаа нь багш бэлтгэсэн байна.
Дээрх сургалтад энэ оны эхний хагас жилийн байдлаар 129 хүн хамрагдаж, багшлах эрхийн гэрчилгээ авснаас 68 нь ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж эхэлсэн аж. Харин 21 хүн хуучин ажлаа хийж байгаа бол дөрөв нь одоогоор багшлах боломжгүй гэжээ. Мөн 36 хүн ажлын байраа олоогүй гэсэн дүн мэдээ гарсан байна.
Түүнчлэн Боловсролын ерөнхий газраас их сургуулиудтай хамтран зохион байгуулсан багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын талаар 70 төгсөгчөөс санал асуулга авснаа хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Тухайлбал, сургалтын агуулга нь багшлахуйд дэмжлэг үзүүлэхүйц байсан, эсэхийг асуухад 84.3 хувь нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгчээ. Ажилд хамрагдаагүй шалтгааныг тодорхойлох асуулгад 42.9 хувь нь ерөнхий боловсролын сургуулиуд хүлээж авахгүй байгаа тухай дурдсан байна. Иймд курсийн багш нарт тодорхой хугацааны дараа үндсэн багшаар ажиллах боломж олгох, эрхийн гэрчилгээг нь сунгах зэрэг асуудлыг хөндсөн юм.
Ташрамд дуулгахад, СЭЗИС-ийн Боловсролын сургууль ээлжит сургалтаа ирэх сарын 1-нээс эхлүүлэхэд бэлэн болжээ. Бусад сургуулийн хувьд ч элсэлтээ зарлаж, сургалт зохион байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн гэнэ.
Ч.Болор