Одоогоос 11 жилийн өмнө манай улс улаанбурхан өвчнийг устгасан хэмээж, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс 2014 оны зургаадугаар сарын 26-нд гэрчилгээ гардаж байлаа. Тухайн үед Монгол Улс энэхүү түүхэн амжилтаараа БНСУ, Австрали, Макао зэрэг оронтой эн зэрэгцэж, нэг хэсэг ёстой л “од” болсон доо. Гэвч халдварт өвчнийг ялан дийлэх тийм ч амар биш гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд хангалттай харуулав. Өнөөх нам дарсан гэгдэх өвчин гэрчилгээ гардав уу, үгүй юү жилийн дараа л манайд зөөвөрлөгдөн орж ирж, олон хүүхдийн аминд хүрсэн харуусам үйл явдлыг мартаж болохгүй. Тодруулбал, устаад байсан улаанбурхан 2015-2016 онд дахин дэгдэж, 60 орчим мянган хүн халдварлан, 180 нь нас барсны олонх нь бага насны хүүхэд байсан юм. Өвчинд ам гардаггүй гэх хууччуулын үг ийм айхавтар аж.
Тэгвэл 2014 оноос хойших улаанбурхны хоёр дахь том дэгдэлт эдүгээ тохиогоод байна. Анхны тохиолдол нь энэ оны хоёрдугаар сарын 18-нд бүртгэгдэж, халдвар Вьетнам улсаас зөөвөрлөгдөн орж ирснийг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тухайн үед бараг улаан бурхныг хэн ч тоогоогүй, халдварыг дотоодод тархаахгүй байх талаар албаныхан ч дорвитой хариу арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн тархалтын “мурий” баталж байх шиг. Иргэд, эрх баригчдын хэн нь ч уг өвчнийг гамшгийн хэмжээнд хүртлээ газар авна гэж төсөөлөөгүй бололтой.
ХАЛДВАР АРВАН МЯНГЫГ ДАВЖ БАЙЖ Л ЭРХ БАРИГЧИД САЯ НЭГ УХААН ОРОВ
Нийтээрээ үл тоон “бассаны”, өдгөө улаанбурхныг дийлэхгүйд хүрчхээд суугаагийн балгийг хүүхдүүд л эрүүл мэнд, амиараа төлж байгаа нь харамсалтай. ХӨСҮТ-ийн өчигдрийн мэдээгээр уг халдварын батлагдсан нийт тохиолдлын тоо 10 721-д хүрсний 953 нь гэрээр, 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нас барсан хүүхдийн тоо долоо. Өдгөө хэвтэн эмчлүүлэгсдийн дунд биеийн байдал нь нэн хүнд нэг, хүнд 45 хүүхэд байгааг тус төвийнхөн хэлсэн. Тэгвэл халдвар авагсдын 70 хувь нь вакцин огт хийлгээгүй. Мөн эндсэн хүүхдүүдийн тав нь есөөс бага сартай, үлдсэн хоёр нь дархлаажуулалтад огт хамрагдаагүй тухай судалгаа гарав. Эдгээр мэдээлэлд үндэслэн Засгийн газрын өнгөрсөн лхагва гаргийн хуралдаанаар зорилтот насныхныг нөхөн дархлаажуулах шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн юм. Ниргэсэн хойно нь хашхирдаг нь манайхны гэм биш, зан хойно, халдварын тохиолдол арван мянгыг давж байж л эрх баригчид сая нэг ухаан орсон нь энэ. Улсын хэмжээнд өдгөө зургаан сартайгаас 15 хүртэлх насныхныг улаанбурхан, гахайн хавдар, улаанууд (УГУ)-ын эсрэг гурван цэнт вакцинд нэмэлтээр болон нөхөн дархлаажуулж эхлээд байгаа. Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу энэхүү гурван цэнт вакциныг уг нь товлолоор есөн сартайд нэг, хоёр настайд нь хоёр дахь тунг тарьж, дархлаа тогтоодог. Тэгвэл энэ удаагийн кампанит ажлыг халдварын нөхцөл байдалтай уялдуулан 6-8 сартай хүүхдүүдэд нэмэлтээр, товлолт вакцинаас хоцорсон 10 сартайгаас 15 хүртэлх насныхныг нөхөн дархлаажуулж буйгаараа онцлогтой.
ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ зэрэг байгууллагынхан хамтран улаанбурхны эсрэг нөхөн дархлаажуулалттай холбоотой мэдээлэл өгөх өдөрлөгийг өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг зо¬хион байгуулж буй. Вакцины талаар ард иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх энэхүү өдөрлөг нь 21 аймаг, нийслэл, сум, өрхийн эмнэлэгт 11.40-13.40 цагт болох юм. Ингэснээр олон нийтийн вакцины талаарх буруу ташаа зарим мэдээлэл, ойлголтыг бага ч болов залруулна гэж албаныхан үзжээ.
Д.НАРАНГЭРЭЛ: ӨВЧНИЙ УРХАГ НЬ ХЭТДЭЭ ДҮЛИЙРЭХ, ХАРААГҮЙ БОЛГОХ Ч ЭРСДЭЛТЭЙ
Засгийн газрын хуралдаанаар улаанбурхны дэгдэлтийг зогсоох, оношилгоо, дархлаажуулалтад шаардлагатай таван тэрбум төгрөгийг нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн нэмэлт болон нөхөн дархлаажуулалтад шаардлагатай вак¬цины нөөц бүрдүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн.
Энгийн үед манай улс товлолын хүрээнд жилд дунджаар 70-80 мянган хүн/тунг УГУ вакцин оруулж ирдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл хэллээ. Тэрбээр “Улаанбурхан нь хүндрэл ихтэй, урхаг, үлдэцтэй халварт өвчний тоонд ордог. Вирусний гаралтай учраас жил ирэх тусам мутацид орж, шинж тэмдэг нь хүртэл өөрчлөгдөх болсон. Уг өвчний хүндрэл нь хоёр янз байдаг. Түгээмэл нь уушгины хатгалгаа, төвөнх болон гуурсан хоолойн багтраа, суулгалт юм. Хоёр дахь нь менингит болж, хүүхэд эндэх аюултай. Түүнчлэн халдвар аваад эдгэрсний дараах үлдэц нь гол төлөв тархи, мэдрэлд нөлөөлөн, хүүхдийн ой тогтоолтыг бууруулж, цаашлаад дүлийрэх, хараа муутгах, сохрох ч эрсдэлтэй. Тиймээс бид хүүхдүүдээ ийм аюултай нөхцөл байдалд оруулахгүйн тулд нэн тэргүүнд вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцинаар хамгаалах бүрэн боломж байхад ирээдүй болсон үрсээ ингээд алдаад байж боломгүй. Улмаар өвчний дэгдэлтийн үед хүүхдийнхээ дархлааг маш сайн дэмжиж, унтуулж амраах, лууван, манжин, өндөг, сүү гэх мэт А аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглүүлэх, агаар, ус, нараар чийрэгжүүлээрэй гэж эцэг, эхчүүдэд зөвлөе” гэсэн юм.
1973 ОНООС ХОЙШ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ НЭГ Ч ГАЖ УРВАЛ ИЛРЭЭГҮЙ ГЭЛЭЭ
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны тасгийн эрхлэгч Н.Сувдмаа “Амьсгалын замын цочмог халдвар болох улаанбурхан нь агаар, дуслын замаар халддаг тул манай улс уг өвчний дэгдэлтийг хязгаарлахын тулд саяхнаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүний хүрээнд нийслэлд өрхийн 150 гаруй эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж байгаа. Тиймээс иргэд ХӨСҮТ-д заавал ирэх шаардлагагүйгээр харьяа сум, хорооныхоо эмнэлэгт хандаж, вакцинд хамрагдах боломжтой. Мөн нөхөн дархлаажуулах ажлын хүрээнд явуулын багууд ч ажиллаж буй. Иргэд “E-Mongolia” системээр өөрийн болон хүүхдүүдийнхээ УУ, УГУ вакцинд хамрагдсан, эсэх мэдээллийг харж, хэрэв ямар нэгэн бүртгэл үүсээгүй бол ягаан дэвтрийг нь өрхийн эмнэлэгтээ авч очоод тулгалт хийлгэж, лавлагаагаа шинэчлүүлээрэй” гэв.
Улаанбурхны энэ оны товлолын дагуух вакцинжуулалт улсын хэмжээнд дууссан. Харин нэмэлт, нөхөн дархлаажуулалтад зорилтот насныхныг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бүрэн хамруулна гэж албаныхан тооцжээ. Гэвч “Ковид19”-өөс хойш иргэд, олон нийтийн вакцинд итгэх итгэл нь суларсан учраас төлөвлөгөөт ажилд энэ нь саад учруулах вий гэсэн айдас эмч нарт буй гэсэн. Улаанбурхны вакциныг хэн нэгний бизнес, хор хэмээн эсэргүүцэх цөөнгүй бүлэг ч нийгэмд үүссэн байна. Тэгвэл ХӨСҮТ-ийнхөн “Монгол Улс 1973 оноос хойш УГУ вакциныг зорилтот насныханд хоёр тунгаар хийж ирсэн. Өнөөдрийг хүртэл нэг ч гаж урвал илрээгүй. Энэ удаагийн дэгдэлтээр халдвар авсан нийт 10 мянга гаруй тохиолдлын олонх нь буюу 4421 нь 10-14 насныхан. Энэ нь нөгөө талаар тэдний багадаа хийлгэсэн вакцины дархлаа суларсантай шууд холбоотой. Зарим эцэг, эх хүүхэд нь л өвдөөгүй бол вакцин хийлгэх хэрэггүй гэж үздэг нь маш буруу. Улаанбурхны вакцин бол олон жилийн туршилт судалгаанд суурилсан, аюулгүй, үр дүнтэй нь олон улс даяар батлагдсан. Тиймээс л 10-15 насныхныхныг нөхөн дархлаажуулалтад хамруулахаар болсон юм. Вакцины дархлаа тухайн хүүхдийн биеийн онцлогоос хамаарч 5-10 жилийн дараа сулрах нь бий. Гэсэн ч хамгаалах чадвар нь 99.9 хувь-тай тогтдог” хэмээсэн.
ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД НЬ СУУЛГАХГҮЙ
Иргэд, олон нийтийн унтууцлыг төрүүлээд буй, нөхөн дархлаажуулалттай холбоотой албаныхны өөр нэгэн мэдэгдэл нь вакцин хийлгээгүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахгүй гэсэн нь юм. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн сарын 27-нд энэ талаар мэдэгдэхдээ “Сүүлийн долоо хоногт улаанбурхны халдвар 1500-гаар нэмэгдээд байна. Уг өвчний улмаас долоон бяцхан зүрх зогслоо. Хүн төрөлхтөн эл өвчний эсрэг вакциныг 62 жилийн өмнө гарган авч, дэлхий нийтээр урьдчилан сэргийлдэг болсон. Манай улс хүүхэд багачуудаа вакцинд өргөнөөр хамруулж, улаанбурхныг ялж явсан амжилт бидэнд бий. 10 жилийн өмнөх улаанбурхны дэгдэлтийг ч вакцины хүчээр давж гарсныг мартах учиргүй. Тэгтэл өнөөдөр халдвар авсан 10 хүүхдийн долоо нь вакцингүй байгааг юу гэж ойлгох вэ. Дархлаатай хүүхэд халдвар авсан ч хүндрэхгүй байна. Үүнийг бодоод үзээрэй. Монгол Улс Дархлаажуулалтын тухай хуулийнхаа дагуу товлолт вакцинд хүүхдүүдээ үнэ төлбөргүй хамруулдаг. Тиймээс нөхөн дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь ирэх намар суулгахгүй гэдгийг анхааруулъя. Түүнчлэн вакцины талаар худал мэдэмхийрч, бусдын хүүхдийн амиар “тоглох”, үндэсний аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулах хэмжээний хуурамч мэдээлэл түгээсэн этгээдийг төрийн хуулиар хатуу шийтгэхээр болсныг ташрамд мэдэгдье. Учир нь улаанбурхан хүүхдэд илүү хорон өвчин. Дархлааны ой санамжийг устгаж, өвчлөмтгий болгодог. Цаашлаад мэдрэл, хараа, сонсголд ч хор нөлөө үзүүлж, үргүйдэлд хүртэл хүргэдэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагч нар аа, хүүхдээ вакцинд хамруулаарай” гэж уриалав.