Улсын хэмжээнд 2025 оны элсэлтийн шалгалтыг өнгөрсөн сарын 18-21-нд буюу дөрөв хоногийн хугацаанд зохион байгуулсан билээ. Шалгалтад 43 318 хүүхэд бүртгүүлснээс 40 338 нь хамрагдсан юм. Энэ удаагийн элсэлтийн шалгалтын дасгалуудыг хичээлийн сэдвийн хүрээнд боловсруулаагүй, агуулга хүнд, хугацаандаа амжихааргүй байсан, тарааж өгсөн харандаа, баллуур нь шаардлага хангахгүй, шалгагч машин зөв уншсан, эсэх нь эргэлзээтэй гэх мэт гомдол ихээр гарсан.
Тэгвэл элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийнхөн өнгөрсөн сарын 23-27-ны хооронд хүлээн авч, шийдвэрлэжээ. Энэ талаар тус төвийн Даалгаврын үнэлгээний сангийн хэлтсийн дарга С.Гэндэнжамц өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Элсэлтийн шалгалт дууссанаас хойш ажлын тав хоногт багтаан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ёстой. Нийт 645 шалгуулагч дүн, оноогоо нягтлуулж шалгуулсан. Тэдний олонх нь шууд засалтын машины уншилтыг гар аргаар нягталж өгөхийг хүссэн өргөдөл, гомдол ирүүлжээ. Үүний дагуу шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй. Өөрөөр хэлбэл, цахим машин болон гар аргаар засахад дүн, оноо зөрсөн асуудал гараагүй. Өргөдөл, гомдол хүлээн авах хугацааг эцэслэсэн. 10 орчим мэргэжилтэн ажиллаж шийдвэрлэлээ. Эхний өдөр ачаалал ихтэй байв. Бусад өдөрт цөөн тооны шалгуулагч ирсэн. Дархан-Уул аймагт англи хэлний шалгалтын дүн, оноог өөрчилсөн гэх мэдээлэл гарсан. Тухайн хүүхдийн шалгалтын материалыг татан авч хянахад ямар нэгэн зөрчил илрээгүй” гэв.
Ч.Болор