Дэлхийн 60 гаруй оронд салбартай “Teach for all” олон улсын холбооны албан ёсны гишүүн “Teach for Mongolia” байгууллагаас 2023-2025 онд хэрэгжүүлсэн “Илгээлтийн багш” хөтөлбөрийнхөө төгсөгчдийг элсүүлэх арга хэмжээг зохион байгуулж, зургаан хүнд батламж гардууллаа. “Илгээлтийн багш” хөтөлбөрийн энэ удаагийн элсэгчид хоёр жилийн хугацаанд боловсролын тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр дөрвөн аймгийн таван сумын сургуулийн 1200 гаруй хүүхдэд хүрч ажиллажээ.
“Teach for Mongolia”-ийн байгууллагынхан “Боловсролын тэгш бус байдлыг бууруулж, хүүхэд бүрд хүссэн ирээдүйг нь бүтээх боломжийг бүрдүүлэхийн төлөө манай элсэгчид өөрийн мэдлэг, ур чадвар, эр зориг бүхнээ зориулан ажилладаг. Хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн залуу манлайлагчдын гаргасан жим мөрөөр манайх улам өргөжиж, боловсролын салбарт тасралтгүй хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм.
Ташрамд дурдахад, “Илгээлтийн багш” хөтөлбөр нь бүх шатны боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл, мэдлэг, ур чадвартай залуусыг сонгон шалгаруулж, үе шаттай бэлтгэн, багшийн дутагдалтай хөдөө орон нутгийн сургуулиудад хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар илгээдэг онцлогтой. 2022 оноос хойш нийт 22 багш бэлтгэгдсэн бөгөөд тэд өдгөө найман аймгийн 12 сумын ерөнхий боловсролын сургуульд математик, англи, монгол хэл, нийгэм, түүх, газар зүй, зураг технологи, мэдээлэл зүйн хичээл зааж байна.
М.Гэгээ