Засгийн газар “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл хэрэгжүүлж, иргэдэд орон нутагт аятай тухтай амьдрах боломж бүрдүүлэх зорилготой дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах төслийг эхний ээлжид Төв аймгийн 11 сумд хэрэгжүүлэхээр болж Баянчандмань, Борнуур, Дэлгэрхаан, Сэргэлэн, Эрдэнэ сумаас ажлыг нь эхлүүлсэн. Үүний зэрэгцээ орон нутагт ажиллахаар шилжин очсон төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч зэрэг нийгэмд эрэлттэй мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлөөр хангах зорилготой ногоон сууцын төслийг ч зарим сумд хэрэгжүүлж эхэлсэн байна.
Үндэсний ногоон барилгын “BestGer” үнэлгээний В гэрчилгээний шаардлага хангасан зураг төслийн дагуу өдгөө Баянчандмань сумд найман айлын сууц барьж буй гэнэ. Энэ нь тухайн сумын төв дэх анхны ногоон барилга бөгөөд төрийн албан хаагчдаас ийм тооны өрхийг шинэ сууцад төвхнүүлэхээр төлөвлөжээ. Уг сууцыг OSB буюу маш өндөр даралт, тем¬пературт шахаж бэлтгэсэн байгалийн гаралтай модон хавтангаар барьж буйгаараа онцлог аж. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлтэй, дулаан алдагдал, дуу чимээ тусгаарлагч материал ашиглахаараа давуу аж.
Н.Мишээл