Туул голоос 35 км газарт ус шилжүүлэн хуримтлуулах ажлыг улсын төсвийн 500 сая төгрөгөөр амжилттай гүйцэтгэж дууссаныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ.
Тус газраас усны нөөц, хангамжийг сайжруулах зорилгоор “333 нуур” санаачилга гаргаж, хөв цөөрөм шинээр байгуулах, бохирдож, усны түвшин нь багассан нууруудыг хамгаалах, усжуулалтын хуучин систем, хаягдсан байгууламжуудыг засаж сайжруулах ажлуудыг хийж буйн нэг нь Булган аймаг дахь Баяннуурыг сэргээх юм. Үүний хүрээнд тус нууранд байсан усжуулалтын хуучин систем, байгууламжийг сэргээн, Туул голоос Баяннуурт ил ба далд аргаар ус шилжүүлэх нөхцөл бүрдүүлсэн гэнэ.
Энэ ажлын үр дүнд Туул голын усны түвшин нэмэгдэх, хур тунадас элбэгтэй үед илүүдэл нөөцийг хуримтлуулах, урсцын тохируулга хийх боломж бүрджээ. Төсөл амжилттай болбол томоохон бусад гол, нууруудыг энэ жишгээр сэргээх, үерийн усыг хуримтлуулан ашиглах ажлуудыг хийх юм байна.
Ж.Сувд