Аялал жуулчлалын хөгжилд чухал нөлөөтэй, уламжлал болсон томоохон арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, цар хүрээнд ач холбогдол өгч, товыг нь аль болох эрт зарлахыг тус салбарын бизнес эрхлэгчид, тур оператор компаниуд шаардсаар ирсэн. Уг шаардлагын дагуу Өмнөговь аймгийн ЗДТГ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооноос Түмэн тэмээний баярын товыг таван жилээр гаргаж, аялал жуулчлалын байгууллагуудад хүргүүлжээ.
Өмнөговь аймгийн брэнд, манай улсын өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээ болсон тэмээний баярыг ирэх онд хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулах бол үүний дараа жил нэгдүгээр сарын 29-31-нд, 2028 онд хоёрдугаар сарын 18-20-нд гэхчлэн 2030 он хүртэл тодорхой хуваарь гаргажээ. Ингэснээр компаниуд говийн аяллын хөтөлбөр, төлөвлөгөөгөө эрт гаргах, жуулчдаас урьдчилсан захиалга авах нөхцөл бүрдэж байна.
Манай улсад болдог аялал жуулчлалын арга хэмжээнүүдийн мэдээлэл хаалттай, тов нь тодорхойгүй, байнга өөрчлөгддөг гэсэн шүүмжлэл үеийн үед гардаг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 2, 3-нд нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдад зориулан “Монгол номадик” баазад зохион байгуулсан “Даншиг” бэсрэг наадмын товыг цаг агаараас шалтгаалан өөрчлөхөөр шийдвэрлэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Улмаар Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо зэрэг байгууллагаас Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо, ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлж, “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарт тогтвортой бодлого, уялдаа холбоотой шийдвэр, тодорхой байдал хэчнээн чухал болохыг учирлан байж даншиг наадмыг хойшлуулах тушаалыг цуцлуулсан билээ. Тэгвэл говийнхний брэнд болсон Түмэн тэмээний баярыг зохион байгуулагчид аялал жуулчлалын салбар дахь энэ тодорхойгүй байдлыг халах жишиг бүхий эхлэлийг тавилаа.
Н.Мишээл