Ээжийнхээ дурсгалд зориулж “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль хамгаалах холбоог байгуулж, 2011 оноос мод тарьж эхэлсэн Д.Эрдэнэчулуун Баянзүрх хайрхны зургаан га талбайд таримал ой бий болгоод байна. Түүний хөдөлмөрийг Монголын байгаль хамгаалагчдын холбоо ойжуулалтын шилдэг туршлагаар нэрлэж, олон нийтэд танилцуулав. Жил бүрийн хавар, намарт болдог Бүх нийтээр мод тарих өдрөөр Улаанбаатар хотын иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн, “Ногоон хэрэм” төслийн талбай, Богдхан уулын Айцын ам зэрэг нийслэлээс санал болгосон найман байршилд нэгдсэн байдлаар мод тарьдаг уламжлалтай. Тэгвэл Баянзүрх хайрханд Д.Эрдэнэчулууны бий болгосон таримал ой бүхий цэцэрлэгт хүрээлэнг жил бүрийн хавар, намарт зорьж, сайн дураар мод, бут тарьдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо ч жилээс жилд өсөж буй гэнэ. Онцлог нь тэнд ургаж байгаа мод бүхэн эзэнтэй аж. Тэрбээр “Манай цэцэрлэгт хүрээлэнд жирийн иргэнээс эхлээд Монгол Улсын Төрийн тэргүүн, олимп, дэлхийн шилдэг тамирчид, олны танил хүмүүс, лам, хуврагууд хүртэл мод тарьсан. Эзэнгүй нэг ч мод байхгүй. Тиймээс арчилгаа, усалгаа нь хаягдах асуудал гардаггүй” гэв.
Ж.Сувд