Нярайн эндэгдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “ЖиЖи Ритэйл” ХХК, “Baby world” хүүхдийн дэлгүүрийн хамт олон ДарханУул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийнханд хөхний сүүний банк байгуулж өгчээ. Дээрх байгууллагын хамт олон өмнө нь “Өргөө” амаржих газрыг хөхний сүүний банктай болгосон бөгөөд энэ удаагийнх орон нутагт анх удаа гэдгээрээ онцлог аж. Энэхүү банканд тусгай шалгуурын дагуу эхийн болон донорын хөхний сүүг нөөцөлснөөр дутуу төрсөн, ангир уураг, хөхний сүүгээ хэрэглэх боломжгүй байгаа нярайд амин чухал тусламж, үйлчилгээ үзүүлэх юм. Мөн дутуу төрсөн нярайн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэх, дархлааны систем, амьдрах чадварыг сайжруулснаар эндэгдэл буурч, суурь өвчнөөс сэргийлэх боломжтой болж буй юм. Ташрамд, улсын хэмжээнд хүүхдийг хоёр нас хүртэл эхийн сүүгээр хооллох хувь 2017 онд 47.3 хувь байсан бол 2023 онд 40.4 хувь болж 6.9 хувиар буурсан байна.
Ч.Болор