Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох зорилготой нийтийн цахим өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурснаар холбогдох байнгын хорооноос ажлын хэсэг томилж, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийснээр эл зохицуулалт хүчингүй болжээ. Үүний үр дүнд иргэд тусгай хамгаалалттай бүс нутгаас бусад байршил дахь үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан тохиолдолд улсад ямар нэгэн татвар, хураамж төлөх шаардлагагүй болж байна. Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг парламентын гишүүдийн олонх дэмжсэнээр НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгож нэмэгдүүлжээ.
Н.Дүүлэн