-Үндэстний цөөнхийн өв соёлыг аялал жуулчлалтай уялдуулан амьжиргааг нь дэмжиж байна-
Үргэлжлэл. Түрүүч нь 114 (8418) дугаарт
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан баг цайны ногоон төгөлүүдийг дамжин аялсаар халуун нэрмэлийн өвөрмөц үнэр сэнгэнэсэн алдарт Маотай архины өлгий нутаг болох Рэньхуай хотыг зорив. Хятаддаа төдийгүй дэлхийн хатуу архины зах зээлд чанар, үнэ цэнээрээ тэргүүлэгч энэхүү “шингэн эрдэнэ”-ийн түүх Гүйжөү мужийн байгалийн дахин давтагдашгүй тогтоцтой салшгүй холбоотой аж.
Рэньхуай хотын дундуур урсах Чишүй мөрний сав газар нь тунгалаг ус, чийглэг уур амьсгал, нутгийн хөрсөнд ургадаг улаан соргоороо алдартай. Тэр дундаа Чишүй мөрний ус билгийн тооллын есдүгээр сарын есөн хүртэл хамгийн тунгалаг урсдаг бөгөөд чухам энэ үеийг тааруулж сархдаа нэрдэг нь Маотай архины амт чанарын гол нууц аж. Байгалийн энэхүү ховор зохицол, улирлын нарийн хэмнэл нь уламжлалт нэрмэл архины үйлдвэрлэлд хамгийн тохиромжтой орчныг ийнхүү бүрдүүлжээ.
Сонирхолтой нь, Маотай гэх нэршил нь зөвхөн нэг брэндийн бүтээгдэхүүнийг бус, тухайн бүс нутгийн нэрмэл архины өвөрмөц төрлийг илэрхийлдэг байна. Тиймээс эл нутгийн ус, агаар, түүхий эдийг ашиглан үйлдвэрлэсэн тохиолдолд л жинхэнэ Маотайд тооцдог аж. Өөр газар ижил технологи ашиглалаа ч Рэньхуайн нэрмэлийн амт, анхилуун үнэрийг бүрэн гаргах боломжгүй гэж нутгийнхан тайлбарлав. Үнэндээ Маотай тосгон төдийгүй Рэньхуай хот бүхэлдээ аварга том архины үйлдвэр гэлтэй. Хотын гудамж талбай, суурин тэр чигтээ сархад нэрэх цех, исгэлтийн зоорь, түүхий эдийн агуулахаас бүрдэх бөгөөд орон нутгийн эдийн засаг, иргэдийн өдөр тутмын амьдрал ч Маотайтай салшгүй холбогджээ.

ЯДУУРЛЫГ БУУРУУЛСАН УЛАМЖЛАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛ
Бид Рэньхуай хотын түүхэн үйлдвэрүүдийн нэг болох “Хэнчан шаофан” соёл, аялал жуулчлалын цогцолборт зочиллоо. Зуу гаруй жилийн түүхтэй тус үйлдвэр уламжлалт нэрмэл нэрэх арга барилаа хадгалан үлдэхийн зэрэгцээ аялал жуулчлалтай амжилттай хослуулжээ. Үйлдвэрлэлийн цех, сархдын түүхийн музей, урлагийн танхим, амталгааны хэсгийг нэг дор төвлөрүүлсэн нь жуулчдад нэрмэлийн бүхий л үе шаттай танилцах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, Маотайн үйлдвэрлэл орон нутгийн эдийн засгийг бүхэлд нь тэтгэж байна. Үйлдвэрүүд гол түүхий эд болох улаан сорго, буудайг нутгийн тариаланчдаас зах зээлийн өндөр үнээр гэрээлэн авснаар олон мянган өрхийг тогтвортой орлогоор хангаж, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогод жинтэй хувь нэмэр оруулж буй аж.
“Хэнчан шаофан” үйлдвэрийн хашаанд хөл тавих төдийд л олон жилийн турш исгэсэн буудай, улаан соргоны ихүүн үнэрт хамар цоргино. Жилийн дөрвөн улиралд манан татаж, агаарын чийгшил өндөр байдаг нь Маотай архины хөрөнгийг исгэдэг бичил биетүүдийг үржүүлэх таатай орчин болдог аж. Тэд Маотайг гаргаж авахын тулд түүхий эдийг нь тавантаа угааж, есөн удаа жигнэдэг гэнэ. Мөн наймантаа исгэж, долоон удаа нэрэх хатуу дэг жаягийг мөрддөг. Үүний дараа ч үйлдвэрлэл дуусахгүй. Бүтээгдэхүүнийг багадаа 3-5 жил хадгалж байж зах зээлд нийлүүлдэг бол зарим ховор төрлийг хэдэн арван жил дарах нь ч бий. Тухайлбал, тэдний цуглуулгад 40 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэн ховор архи ч байдаг аж.
Үйлдвэрийн мэргэжилтнүүдийн ярьснаар энэхүү олон шатлалт, урт хугацааны нарийн ажиллагаа нь Маотай сархдыг үр тарианы баялаг амт, дахин давтагдашгүй анхилуун үнэртэй болгодог байна. Магадгүй ийм л учраас Маотай зүгээр нэг сархад бус, дэлхийн цуглуулагчдын нэр хүндийн баталгаа, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсөн нэмэгддэг дэлхийн хэмжээний брэнд болж чаджээ.
Маотай архи 1915 оны Панамын олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль хүртсэнээр дэлхийд танигдсан түүхтэй. Түүнээс хойш төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, дипломат уулзалтуудад хэрэглэж ирсэн нь түүний үнэ цэнийг улам өсгөжээ. Гэхдээ Рэньхуай хотын хөгжлийн түүхийг зөвхөн ганц бүтээгдэхүүнээр хязгаарлаж болохгүй. Сүүлийн жилүүдэд тус хот нэрмэл үйлдвэрлэлээ аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлснээр дотоод, гадаадын аялагчдын заавал зорин ирдэг газар болжээ. Үйлдвэрүүдээр зочилсон жуулчид уламжлалт нэрэх үйл явцыг нүдээр үзэж, Хятадын архины түүхийн сан хөмрөгтэй танилцан, төрөл бүрийн нэрмэл амтлах боломжтой.
ТЭНГЭРИЙН ХАЯАГ ХОЛБОСОН ГҮҮРНҮҮД БА ГАЗАР ДООРХ БАЯЛАГ
Гүйжөүгийн байгаль зөвхөн Маотай нэрмэлийг “төрүүлээд” зогсохгүй, орчин үеийн инженерчлэлийн гайхамшгийг бүтээх боломж олгожээ. Нийт нутаг дэвсгэрийнх нь 90 гаруй хувийг уул нуруу эзэлдэг тул өнгөрсөн хугацаанд энэ бүс нутгийг хүрч очиход хамгийн бэрх газар гэж үздэг байв. Уулс, хавцал нь хөгжилд саад болж байсан үе ч бий. Харин өнөөдөр Гүйжөү муж уулсыг нэвтэлж, хавцлыг холбосон гүүрнүүдээрээ олон улсад тэргүүлж буй.
Дэлхийн хамгийн өндөр 100 гүүрний талаас илүү хувь нь зөвхөн энэ мужид байрладаг тул Гүйжөүг “Дэлхийн гүүрний музей” хэмээн нэрлэх нь аргагүй юм. Тэдгээрээс 565 метрийн өндөртэй, Гиннесийн амжилтыг эзэмшдэг Бэйпанжян (Beipanjiang) гүүр онцгой байр суурь эзэлнэ. Үүлс хөлөглөн харайх мэт сүрлэг уулс, гүн хавцлын дээгүүр татсан эдгээр гүүр нь байгалийн хатуу сорилтыг хүн төрөлхтний оюун ухаан, инженерийн гайхамшиг хэрхэн боломж болгон хувиргасны бодит жишээ гэлтэй. Ингэснээр тэд хөгжлөөс тусгаарлагдан алслагдсан сууринуудыг дэлхийтэй холбож, худалдаа, аялал жуулчлалын цоо шинэ урсгалыг нээж чаджээ. Түүнчлэн байгалийн энэхүү өвөрмөц тогтоц нь Гүйжөү мужийг асар их ашигт малтмалын нөөцөөр шагнажээ. Өдгөө тус мужийн хөгжлийн гол тулгуур нь уул уурхайн салбар болоод байна. Нийтдээ 130 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэйгөөс фосфор, нүүрсний олборлолтоор улсдаа тэргүүлдэг аж.

26 ҮНДЭСТНИЙ ӨЛГИЙ НУТАГ
Дэд бүтцийн энэхүү үсрэнгүй хөгжил урьд өмнө нь тусгаарлагдмал байсан үндэстний цөөнхүүдийн өв соёлыг дэлхий дахинд нээж, аялал жуулчлалын шинэ маршрут, өвөрмөц брэнд хөгжүүлэх хөшүүрэг болжээ. Гүйжөү муж бол Хятадын соёлын олон өнгийг нэг дор харж болох ховор бүс нутгийн нэг. Өөр мужуудаас шилжин суурьшсан иргэдээс гадна уугуул үндэстний цөөнхүүд олноор аж төрдөг тул түүх, соёл, хэл, зан заншил нь тун чиг баялаг. Хятадад бүртгэлтэй 56 үндэстэн, ястны 26 нь зөвхөн Гүйжөүд амьдардаг гэхээр энэ нутгийг уугуул соёлын томоохон уулзвар, “амьд музей” гэж хэлж болно.
Тэдгээрээс хамгийн олон хүн амтай, өвөрмөц түүхтэй нь Мяо (Miao) үндэстэн юм. Тэдний уламжлалт тосгонууд уулын энгэр бараадан, модоор баригдсан бөгөөд холоос харахад байгальтайгаа нэгэн цул мэт санагдах аж. Мяо үндэстнүүд өнөөдөр ч өөрсдийн хэл соёл, зан үйл, гар урлалын уламжлалаа цаг хугацааны шуурганд гээлгүй, анхны хэвээр нь хадгалан үлджээ. Мяо соёлын гол бахархал, уран хийцийн оргил нь эмэгтэйчүүдийнх нь өмсдөг, маш нарийн хийцтэй цэвэр мөнгөн гоёл чимэглэл, толгойн өмсгөл юм. Тэд баяр ёслолын үеэр хэдэн арван килограмм жинтэй эл мөнгөн гоёлоо зүүж, өнгө алагласан нарийн хатгамалт хувцсаараа гоён, хулсан бишгүүр буюу лушэн хөгжмийн хэмнэлд тааруулан бүжиглэдэг байна.
Гүйжөүгийн сүрлэг уулсын дунд зуун зууныг элээж, хадгалагдан үлдсэн энэхүү өв уламжлал өнөөдөр аялал жуулчлалын хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүн болжээ. Зам харилцаа сайжирснаар дотоод, гадаадын жуулчид үндэстний цөөнхийн тосгодыг олноор зорих болсон бөгөөд энэ нь нутгийн иргэдэд өв соёлоо хамгаалан үлдэхийн зэрэгцээ, амьжиргаагаа дээшлүүлэх шинэ боломж нээж өгсөн байна.
АЮУЛТАЙ БӨГӨӨД АДАРМААТАЙ АРСЛАНГИЙН БҮЖИГ
Бид тус мужийн өмнөд нутаг, Вэн Ань хошуунд байрлах, бүхэлд нь модоор барьсан, улсдаа хамгийн томд тооцогдох өвөрмөц бүтэцтэй Цаотан олон увдист дуурийн театрын талбайд зочиллоо. Тэнд Хятадын уламжлалт соёлын салшгүй нэг хэсэг, Гүйжөү мужийн биет бус соё лын өвд бүртгүүлсэн арслангийн болон луугийн бүжгийн сүрлэг үзүүлбэрийг тольдсон юм.
Хятадаар “Үши” (Wu shi) хэмээн нэрлэдэг энэхүү алдартай зан үйлийг тус улсын соёлд хүч чадал, ухаан, эр зоригийн бэлгэдэл хэмээн үздэг. Уг бүжгийг гай барцад, муу бүхнийг хөөж, аз жаргал, эд баялгийг урин дуудах зорилгоор тэмдэглэлт өдрүүдэд толилуулдаг байна. Хөгжимчид хэнгэрэг, цан, бөмбөрийн хэмнэлийг бүжгийн хөдөлгөөнтэй хослуулан нижигнэтэл, баяр хөөртэй тоглох бөгөөд тэднийг инээмтгий лам хөтлөн удирддаг аж.
Арслангийн бүжгийн эхлэл хэсэгт модон сандлуудыг дээр дээрээс нь давхарлан өрж, өсвөр насны хөвгүүн багшийн хамт түүн дээр тэнцвэрээ олох акробат, тулааны урлагийн гайхамшгийг ардын хэв маягтай хослуулан үзүүлэв. Дараа нь шар, улаан өнгийн үслэг баг өмссөн дөрвөн хөвгүүн өндөрт огцом эргэлдэн үсэрч, дундуур нь хойд хөл дээрээ босох зэргээр хөгжмийн хэмнэлд тааруулан бүжиглэлээ. Тэд араатны хааны сүр хүчийг дүрслэхдээ аюултай бөгөөд сонирхолтой хөдөлгөөнүүдийг чадварлаг гүйцэтгэж байв. Мэргэжлийн жүжигчид энэхүү уламжлалт наадмыг найман метрийн өндөрт үсэрч үзүүлдэг гэнэ. Уг соёлын өвийг залуу хойчдоо өвлүүлэн үлдээхийн тулд тус нутгийнхан цэцэрлэгийн багачуудаас эхлээд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт арслангийн бүжгийн хичээлийг албан ёсоор оруулжээ. Түүнчлэн нутгийн оршин суугчид ч сайн дураараа маш их сонирхон суралцдаг байна.
Арслангийн бүжгээс гадна лууг бүжиглүүлэх зан үйл нь ард түмний сүр хүч, эрх мэдэл, хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл гэнэ. 10 гаруй бүжигчин модон саваагаар биеийг нь дээш, доош өргөн, давлагаа мэт нэгэн жигд хөдөлгөх нь үнэхээр сүрлэг. Луугийн бүжиг нь Тан гүрнээс эхтэй бөгөөд Чин гүрний үед улам хөгжиж иржээ.
Энэ нутгийн уламжлалт луу нь толгой, их бие, сүүл гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд үүнийг мэгж луу хэмээн нэрлэдэг. Сонирхолтой нь, мэгж лууг зөвхөн эмэгтэйчүүд тоглуулдаг бол салангид толгойтойг нь эрчүүд хөдөлгөдгөөрөө онцлогтой. Мөн энэ нутагт баяр ёслолын шөнийн жагсаал, уламжлалт наадмыг ихэд чухалчилдаг гэнэ. Тус хошууны тосгон бүрээс хөрөнгө цуглуулж нэгэн сүрлэг амьтныг бүтээдэг бөгөөд баярын өдрүүдэд 20-30 лууг зэрэг жагсаан тоглуулдаг байна. Ийнхүү тэд айл бүрийн үүдээр зочлон хийморь сэргээж, гал голомтыг нь бадраан, өлзий дэмбэрэл ерөөдөг соёл өнөөдөр ч оршсоор байна. Хэрэв жинхэнэ арслан, луугийн бүжгийн гайхамшгийг биеэр мэдрэхийг хүсвэл Хятадын Цагаан сарын шинийн 9-16-нд Гүйжөүг зорих хэрэгтэй.
Гүйжөү муж бол байгалийн хүнд сорилтыг хүн төрөлхтний оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээр хэрхэн даван туулж, дэлхийн хэмжээний брэнд болгон хувиргаж болдгийн бодит жишээ юм. Хамгийн гол нь тэд орчин үеийн үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийг урагшлуулахдаа үндэстний цөөнхийн өв соёл, уламжлалт урлагийг гээгдүү лэлгүй, харин ч аялал жуулчлалтай уялдуулан орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих гол хөдөлгүүр болгожээ.
У.Цэцэг