Газрын тосны бүтээгдэхүүний суурь үнийг тодорхойлдог түүхий нефтийн ханш дэлхийн зах зээлд баррель нь 75-83 ам.долларын хооронд хэлбэлзэж буй нь сүүлийн жилүүдийн дундаж түвшинд байна. Харин өнгөрсөн баасан гарагт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “Дэлхий нийтэд дизель түлшний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, зорчигч тээврийн алдагдлын хэмжээ өсөж байгаа тул олон улсын зорчигчийн харилцааны галт тэргэнд үзүүлж байсан тээврийн тарифын 50 хувийн хөнгөлөлтийг долоодугаар сарын 1-ний өдрөөс цуцлах болсныг мэдэгдье” хэмээжээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл өгөхдөө “Манай улсын шатахууны нөөц хэвийн түвшинд буюу хангалттай хэмжээнд байна. Гэсэн ч дэлхийн геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буй энэ үед нөхцөл байдал хэрхэх нь тодорхойгүй” гэж мэдэгдсэн.
Манай улс газрын тосны нийт хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас импортолдог. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр тус улсын нефть боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртсөн тул далайгаар шатахуун импортлохоор зэхэж байгаа гэжээ. Үүний улмаас нийлүүлэлт хумигдан ОХУын 10 орчим бүс нутагт хомсдол үүссэн тухай мэдээлсэн байна. Харин тус улсын Эрчим хүчний яамнаас албан ёсны тайлбар өгөөгүй аж.
Энэ талаар эдийн засагчдаас тодруулахад “Оросын дотоод хямрал гүнзгийрвэл Монгол Улс цохилтод орохыг үгүйсгэхгүй. Тус улс манайд олгох шатахууны квотыг тусгайлан хэлэлцэж, тогтвортой нийлүүлэх бодлого баримталдаг. Дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ тогтвортой буй ч тээвэрлэлтийн зардал өсөх нь бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний ханшид нөлөөлдөг тул уг далд хомсдол дотоодын зах зээлд зардлын инфляц хэлбэрээр илрэх магадлалтай” гэсэн юм.