Мото спортынхон болон сонирхогч залуус, клубүүдэд дуулгах таатай мэдээ байна. Энэ зуны хамгийн том мото фестиваль Сүхбаатар аймагт болох нь. “Шилийн богд” нэртэй энэхүү өдөрлөгийг өнгөрсөн жил “Хүннү Сүхбаатар мото клуб”-ийнхэн санаачилж, аймгийн ЗДТГынхантай хамтран зохион байгуулсан аж. Тухайн үед есөн клубийн сонирхогчид нийлсэн 100 орчим моточин оролцож байж. Тэгвэл өнөө жил фестивалийн цар хүрээг тэлж, олон арга хэмжээ өрнүүлэх болсонтой холбоотойгоор оролцогчдын тоо нэмэгдэн, одоогоор 1500 гаруй мотоцикл хөлөглөгч бүртгүүлээд буй гэнэ.
Энэ сарын 15-17-нд болох “Шилийн богд” нэртэй залуусын энэхүү цугларалт нь зүгээр ч нэг шоу цэнгээн бус, Ганга нуурыг хамгаалах нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулж буй гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн 40 сая төгрөгийн шагналын сантай, мото спортын гурван төрлийн тэмцээн явагдах бөгөөд ур чадварын үзүүлбэр, парад ч болно. Мөн Mc Collection, Young Mo’G, Growl of crown, Аравт, Булсара, Д.Осгонбаяр тэргүүтэй уран бүтээлчид оролцож, их хотын соёл болон амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн тоглолтоо толилуулах юм байна.