Эрүүл мэндийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хэлэлцүүлэг өчигдөр ЭМЯ-ны хурлын танхимд боллоо. Хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, салбарын эрдэмтэд, эмнэлгийн дарга нар нийлсэн 100 орчим хүн танхимаар, орон нутгийнхан цахимаар оролцож, санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Э.Мөнхсүх салбарынхаа төсвийн төслийг танилцуулав. Тэрбээр “Эрүүл мэндийн салбарын 2025 оны батлагдсан төсөв 2.8 их наяд төгрөг байсан ч төсвийн тодотголоор 133 тэрбумаар бууруулж, 2.6 их наяд төгрөг болсон. 2026 онд 4.7 их наяд төгрөгийн төсвийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Төсвийн хязгаараас давсан зөрүү нь 2.2 их наяд төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сан болон хөрөнгө оруулалтын зардлыг нэлээн өссөн дүнгээр илгээлээ. ДЭМБаас тухайн улс ДНБ-ий 5-6 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулахыг зөвлөдөг. Үүний жишгээр ДНБ-ий дөрвөн хувьд тооцож, эергээр төсөөлөн төсвийг боловсрууллаа” гэв.
Ирэх онд эрүүл мэндийн салбарт хоёр их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 1.2 их наяд төгрөгөөр санхүүжих дүнтэй 165 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна. Тухайлбал, Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвд 106, “ХСҮТ-2” 110, “ХӨСҮТ-2” 100, Зүрх, судасны үндэсний төвд 146 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус улсын төсөвт суулгахаар санал илгээжээ. Мөн Үндэсний түргэн тусламжийн төв байгуулахаар зураг төслийг нь гаргасан гэнэ. Анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг 71 хувиар нэмэх, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээг цаг алдалгүй иргэдэд хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамгийн эхэнд анхаарна гэдгийг Эрүүл мэндийн сайд онцолсон. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн тогтолцоог түргэн тусламж, эрчимт эмчилгээнд нэгтгэн зангидах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллах аж. Мөн эрүүл мэндийн салбарын санхүүжилт танагдсан ч эрт илрүүлгийн төсөв хэвээрээ байгааг салбарын сайд нь дуулгасан. Ялангуяа, хорт хавдрын эрт илрүүлгийг илүү оновчтой болгоход анхаарч, хувийн хэвшлийн эмнэлгийн оролцоог нэмэх гэнэ.
Төсвийн танилцуулгын дараа танхимаас 13 хүн асуулт асууж, эрүүл мэндийн сайдаас хариулт авсан юм. Тухайлбал, “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням “Эрүүл мэндийн байгууллагуудын 316 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан гэлээ. Гэтэл яагаад эм, эмнэлгийн хэрэгслийн өрийг төлөхгүй улам нэмэгдэж, оны төсгөлд нөөцгүй болох нөхцөл үүсэв” гэдгийг тодруулсан юм. “2026 оны төсвийг тэлж, дахиж өртэй гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон. Гүйцэтгэлийн санхүүжилтийн сул тал нь эрэлт, хүсэлт хязгааргүй байгаатай холбоотой. Хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй” гэсэн хариултыг сайд Ж.Чинбүрэн өгөв. Харин “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийнхөн 2.4 сая хүнд тусламж үзүүлдэг. Үйлчилгээг иргэн рүү ойртуулах, мэдлэг, ур чадвартай сайн эмч хэрэгтэй байна. Өрхийн эмнэлгийн дүрэм, стандартыг шинэчилж өгөөч” гэх саналыг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа хэлэв.
Ч.Болор