Францын өмнөд хэсэг болох Окситани мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас өнгөрсөн бямба гарагт нэг иргэн нас барж, 25 хүн гэмтэж бэртсэний 19 нь гал сөнөөгч байв. Энэ нь сүүлийн 80 жилд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшиг байсан аж. Улмаар олон барилга, байгууламж нурж, 2500 гаруй өрх цахилгаангүй болсон гэнэ. 15 мянга гаруй га талбайг хамран, хурдацтай тархаж буй уг түймрийг унтраахаар одоогоор хоёр мянга орчим гал сөнөөгч ажиллаж буй юм. Ташрамд дурдахад, Испани болон Грек улсад гарсан ой, хээрийн түймрийг одоо болтол унтрааж чадаагүй байна. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар эрчимтэй ажиллаж буй ч хэт халалт, хүчтэй салхины улмаас төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж.
Э.Сүйлэн