“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн нутаг дахь Тайж хайрхны бэлд энэ сарын 22-24-нд гурав дахь жилдээ болно. Эл арга хэмжээний үеэр улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан, сур болон шагай харваа, уран уургач, бугуйлч зэрэг уламжлалт спортын төрлөөр олон сонирхолтой тэмцээн зохион байгуулах аж. Мөн мал маллах арга ухаан, зүү ороох үйл, эсгий урлалын талаар өв тээгчид танилцуулах юм байна. Өөрөөр хэлбэл, монголчуудын идээ ундааны соёл, нүүдэллэхүйн ёсыг тэндээс мэдэж болох нь. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёл урлагийн газар хамтран зохион байгуулах энэхүү наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлуулах, өв тээгчийг алдаршуулах зорилготой билээ. Ардын язгуур урлагаар өнгө төрхөө бүрдүүлсэн эл фестиваль нь нүүдэлчдийн аж амьдралыг олон улсад таниулах нүүр царай гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
У.Цэцэг