Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсад 279.9 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас дөнгөж 41.1 хувь л буюу 115 мянга нь үйл ажиллагаа явуулж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Сүүлийн нэг жилийн хугацаанд 50 болон түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн тоо 85-аар буурчээ. Тухайлбал, Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн дийлэнх буюу 86.7 хувь нь ес хүртэлх тооны ажилтантай байгаа бол ердөө 2.6 хувь нь л 50иас дээш ажиллагсадтай аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 шахам хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ, ААНОАТ-ын хувь хэмжээ бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд томоохон дарамт учруулж буйгаас үүдэлтэй гэж шинжээчид үзжээ. Мөн шинээр бүртгүүлсэн боловч үйл ажиллагаа нь эхлээгүй аж ахуйн нэгжийн тоо энэ онд 50 гаруй хувиар өсөж, 51.8 мянгад хүрсэн байна.
Г.Сансар